
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ хэлжээ.
Тус аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох олноор нь тэтгэлэгт хамруулж ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Ерөнхий сайд энэ өдөр аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарынхан болон бизнес эрхлэгч нартай уулзсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.