© Amlalt.mn. 2011-2020
Нийгэм

Дарханы засаг дарга С.Насанбатыг “Хүүхдийн парк”-ын асуудлаар АТГ-д өгчээ

Олон жилийн туршид Дархан-Уул аймагт МАН, түүний дотор Д.Хаянхярваа, Б.Насанбат нарын улс төрийн баг засаглаж байгаа ч, дорвитой өөрчлөлтийг энэ олон жилийн турш хийгээгүй гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгч Д.Батжаргал Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбатыг шалгуулахаар АТГ-д ханджээ.

-ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ НЭР БҮХИЙ КОМПАНИД ЗОРИУД ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭСЭН ҮҮ-

Тэрээр гомдолдоо, Дархан-Уул аймгийн Хүүхдийн паркийн тоглоом нийлүүлэх компанийг Дархан-Уул аймгийн удирдлагууд шалгаруулахдаа, үгсэн хуйвалдаж, зориудаар өөрт ашигтайгаар хуулийн хүрээнд шалгаруулсан байх үндэслэл байна гэж үзсэн байна.

Учир нь 2017 оны арван хоёрдугаар сард ИТХ-р 2018 оны төсвийг баталсан бөгөөд нэг сарын дараа тус тендерт шалгарч шууд худалдан авах гэрээ хийсэн гэх “Ти Эс Жи” ХХК нь 2018 оны нэгдүгээр сарын 01 үүсгэн байгуулагдаж мөн оныхоо гуравдугаар сарын 02- нд Тендерт оролцож зургадугаар сард нь шууд худалдан авах гэрээг захиалагч тал болох засаг дарга С.Насанбат 1.179.300.000 төгрөгийн гэрээ байгуулж 2018 онд 1.002.000.000 төгрөг , 2019 онд 176.800.000 төгрөгийн санхүүжилт авсан байдаг байна.

Иймд засаг дарга С.Насанбат нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчиж, шууд компанид давуу байдал зориуд үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа талаараа тэрээр АТГ-д гаргасан гомдолдоо дурджээ. Мөн тэрээр “Хүүхдийн паркийн тоглоом нийлүүлсэн гэх команиас өндөр өртөг бүхий стандартын шаардлага хангахгүй тоглоом нийлүүлэхэд оролцсон байх, үүнд хяналт тавьж ажиллаагүй, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан байх гэх үндэслэл байна” гэж гомдолдоо дурджээ.

-42 САЯ ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ ОРХИГДУУЛСАН УУ

Мөн тэрээр гомдолдоо “Төсвийн хүрээнд хүүхдийн паркийн суурилуулалт, түүний тохижилтын ажилд төсвөөс хөрөнгө гаргахаар шийдвэрлүүлсэн боловч хувийн хэвшлийн хандиваар хийлгэж төсвийн хөрөнгөөр хийсэн мэтээр тайлагнаж улсын хөрөнгө завшсан байх, үүнд хараа хяналт тавиагүй байх гэж үзэх үндэслэл байна” хэмээжээ.

Учир нь “Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн тохижилтын ажлын төсвийг ИТХ-аар батлагдсан 2019 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт нийт 117.4 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төсвөөр нийт 47.3 сая төгрөг бүгд 164.7 сая төгрөгийг суулгасан бөгөөд 2019 оны зургадугаар сарын 28 өдрийн ИТХын тэргүүлэгчдийн хуралдаанаар балансанд бүртгэх үндсэн хөрөнгийн жагсаалтыг танилцуулахдаа уг ажлын 14.174 сая төгрөгийг орон нутгийн хөрөнгөөр, хандиваар 189.107 сая төгрөгөөр хийсэн хэмээн танилцуулсан.

Үүнээс хархад 150.526 сая төгрөг юунд зарцуулагдсан нь тодорхойгүй үлдэж, ийм зөрчилтэй хөрөнгийг балансад бүртгэхээр хурлаар оруулж ирсэн.

Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 30 өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн өмчит бүртгүүлэх санхүүгийн тайланд бүртгэх үндсэн хөрөнгийн жагсаалтад нийт 122.465 сая төгрөгийг зарцуулсан гэж санхүүгийн тайланд тусгуулж тогтоол гаргуулсан нь төсөвт суулгасан хөрөнгө болох нийт 164.7 сая төгрөгийн 42.235 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй орхигдсон байгаа нь маш ноцтой баримт гэж үзэхэд хүргэж, нэг чиглэлийн ажил дээр төсвөөс хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн ч хандивын эх үүсвэрээр ажил үйлчилгээг явуулж давхардуулан төсвөөс хөрөнгө завшсан байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: iSee.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..