Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль болон нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал “Хангарди” одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр арга хэмжээг хэлсэн үгэндээ барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн түүх нь Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн түүхийн салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад барилгачид, инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөр, хувь нэмэр чухал болохыг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Алтан гадас” одонгоор “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймааг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Орчны тохижилт, ногоон байгууламжийн бүсийн ахлах инженер С.Ариунтуул, Зураг төслийн хяналтын хэлтсийн ахлах инженер Б.Бат-Оргил, Барилгын хяналтын инженер Б.Туяажаргал нарыг тус тус шагнав.