НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
Огноо
Унших
5 минут 46 секунд
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
Нийтлэсэн огноо:

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, дотоод үнэт цаас гаргах, газар зохион байгуулалт болон нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар дээрх асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж, төлөөлөгчид нийслэлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, төслийн хэрэгжилт, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох шаардлагатайг хэлж, холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхэд эрсдэлийг нарийвчлан тооцохыг санал болгов

“Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид дахин санхүүжилтийн нөхцөл, хүүгийн зардал, санхүүгийн эрсдэлийг нарийвчлан тооцох шаардлагатайг онцоллоо. Төлөөлөгч Б.Дөлгөөн гадаад эдийн засгийн нөхцөл байдал, валют болон санхүүгийн орчны өөрчлөлтийг харгалзан дахин санхүүжилтийг ямар нөхцөл, хүүгийн түвшинд хийхээр тооцож байгааг тодруулсан бол төлөөлөгч Т.Батцогт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтөд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүн, төслийн хэрэгжилтийн явцын талаар асуулаа. Тэрбээр, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй байгаа шалтгаан, цаашдын санхүүжилт болон төслөөс бий болох орлогын тооцоог тодорхой болгосны үндсэн дээр дахин санхүүжилтийн асуудлыг авч үзэх шаардлагатай гэв.

Төлөөлөгч Б.Золтуяа бондын санхүүжилт, хүүгийн төлбөртэй холбоотой зардал болон цаашид үүсэх эрсдэлийг бүхэлд нь тооцох шаардлагатайг онцолсон бол төлөөлөгч С.Даваасүрэн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлэв. Гэхдээ санхүүгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ, иргэдийн худалдан авах чадварт үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах талаар санал хэллээ.