УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг тогтоолын төслийг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч АН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага авсан юм.
Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар тусгажээ. Мөн гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгасан байна.
Улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сонгуулийн өдрийг баасан гаригт буюу дараалсан хоёр амралтын өдрийн өмнө гурав дахь амралтын өдөр болгохоор иргэд, сонгогчид хөдөө гадаа, амралт аялал гээд явна. Иймд 2024 ны зургаадугаар сарын 26-ны лхагва гаригт сонгууль явуулъя" гэсэн юм. Уг саналыг зарим гишүүн дэмжсэнээр АН-ын бүлгээс завсарлага авсан юм.