Монгол-Иран улсын Засгийн газар хооронд агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.
Тодруулбал, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иран Улсын Элчин сайд Мохсен Бахтиартай хийсэн уулзалтаар хоёр улсын хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.
Хэлэлцээр байгуулагдсанаар Монголын тээвэрчид Иран улсаар дамжин ойрхи дорнодын орнууд болох Катар, Кувейт, Араын нэгдсэн Эмират улс руу тээвэр хийх боломж бүрдэх аж. Үүнээс гадна Ираны Бандер Аббас боомтоор дамжин Энэтхэгийн далайд гарцтай болно гэж үзэж байна.
Мөн баруун бүсийн экспорт, импорт транзит ачаа барааг шууд тээвэрлэж транзит тээврийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Монгол хонины махыг Иран улс руу экспортолж, Иран улсаас төрөл бүрийн жимс, ногоо, барилгын материал болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай импортлох боломжтой болно. Үр дүнд нь хоёр тал экспортоо нэмэгдүүлж, цаашлаад хоёр улсын иргэд, харилцан зорчих, аж ахуй нэгжүүд худалдаа бизнес эрхлэх, хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.