УИХ дахь МАН-ын бүлэг хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хаврын чуулганаар эхний ээлжид 10 орчим хууль хэлэлцэнэ. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөх олон зүйл бий.
Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сан байгуулж, хууль батална гэсэн гол заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийн чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хаврын чуулган зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ" гэсэн юм.