Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхлэхэд 95 хоног үлдээд байна.
Үүнтэй холбогдуулан COP17 хурлыг зохион байгуулах дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын хуралдаан хийж, СОР17-г зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, 12 дэд хорооны ажлын давхардал, хийдэл, уялдаа холбоо, засаж сайжруулах талаар мэдээлэл солилцов.
Дэд хороодын ажлын гүйцэтгэл 15-65 хувьтай байгаа бөгөөд 705 ажил хийхээс 273 нь давхардаж байгааг Ажлын албаны дарга, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Гантуяа мэдээллээ.
СОР17 хурал нь манай улсын байгаль хамгаалал тэр дундаа цөлжилттэй тэмцэж буй идэвх чармайлтыг дэлхий нийтэд харуулах учир дэд хороодын уялдаа холбоо, мэдээллийн нэгдмэл урсгалтай байх нь туйлын чухлыг БОУАӨ-ийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир онцолсныг тус яам мэдээлэв.
Дэд хороодын уялдаа холбоог хангах, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, дэд хороодын давхардсан ажлыг нэгтгэх, шинжлэх ухаан, олон улс, иргэний нийгэм, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж зэрэг олон талт төлөөллийг тэгш оролцуулах, бэлтгэлээ эрчимжүүлэх чиглэлийг дэд хороодын дарга нарт өглөө. Дээрх хуралдаанаас гарсан санал, шаардлагатай хэрэгжүүлэх ажлыг нэгтгэж, Үндэсний хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг СОР17 хурлыг зохион байгуулах Ажлын албанд даалгажээ.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!