Орон сууцны үнийн индекс энэ оны 4 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3, өнгөрсөн сарынхаас 1.2 хувиар нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, шинэ орон сууцны үнэ 2025 оны мөн үеийнхээс 7.4, хуучин нь 10 хувиар нэмэгдсэн байна.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ энэ оны дөрөвдүгээр сард 4.79 сая төгрөг болж, хотын төв Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.75 сая төгрөгийн үнэтэй байв. Дундаж үнийг нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус дүүрэгт 554.9 мянган төгрөг буюу 10.7 хувиар нэмэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 582.5 мянган төгрөг буюу 12.3 хувиар багасжээ. Ийнхүү үнэ багассан нь “Баруун 4 зам” орчимд барьж байсан орон сууцыг ашиглалтад оруулсантай холбоотой юм.
Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 5 сая төгрөг болж, мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.89 сая төгрөгийн үнэтэй байв. Дундаж үнийг нь 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 533.7 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгджээ.

Орон сууцны нэг м/кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, хотын төв Сүхбаатарын талбай, “220 мянгат” орчим 8.9 сая төгрөг байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн “5 шар” орчим 3.16 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байлаа.
Туршилт тооцоогоор, нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ энэ оны дөрөвдүгээр сард 1.27 сая, 2 өрөөнийх 1.81 сая, 3 өрөөнийх 2.78 сая төгрөг байв. Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.95-4.47 сая төгрөг байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн “5 шар” орчим 1.0-1.35 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байв.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!