Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин өнөөдөр (2026.07.01) Сүхбаатар дүүргийн 1,2,3,4,5-р хороо буюу тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзлаа.
Тэрбээр, урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэн иргэддээ талархаад, сонгогдсон тойргийнх нь оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, амар тайван аюулгүй амьдрах орчин нөхцөл, хэрэгцээ шаардлагад төлөөлөгчийн санал санаачилга, ажил тулгуурлана гэв.
Иргэдээс ирсэн санал хүсэлтэд тулгуурлан Сүхбаатар дүүргийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг камержуулах санаачилгаа хэрэгжүүлж, 800 камерыг 60 орчим цэцэрлэг, сургуульд байршуулснаа тайлагналаа.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, хүүхдүүд цэцэрлэг сургууль дээрээ санамсар болгоомжгүйгээс, заримдаа бусдын буруутай үйлдэл, зүй бус харилцаа хандлагын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох явдал их байдаг. Ийнхүү бүрэн камержуулснаар бид үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж чадна гэсэн юм.
Тус уулзалтаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024–2026 онд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын явц, Сүхбаатар дүүрэгт 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг сонгогдсон тойргийнхоо иргэдэд танилцуулж мэдээлсэн юм.
Тухайлбал,
-Нярайн эрт илрүүлэг скрининг оношилгооны 4 нэр төрөл, 18 ширхэг тоног төхөөрөмжийг дүүргийн амаржих газруудад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
- Мөн 2, 3, 11 дүгээр хороонд нийтийн зориулалттай орон сууцны 5 цахилгаан шатыг бүрэн шинэчлэх ажлын гэрээ байгуулагдсан. Хэрэгжилтийг 8 дугаар сарын эхээр биелүүлнэ.
- Сэлбэ голын үерийн далангийн дагуу тохижилтын ажлын хүрээнд зүүн баруун түшиц ханын гадна талын шороон дүүргэлт нягтруулалт, гэрэлтүүлгийн кабель шугам татах, явган хүний зам талбайн түшиц хана цутгах, шат пандус цутгах, метал шат угсрах, явган хүний бродюр суулгах, байгалийн чулуугаар явган зам хүний зам байгуулах, ногоон байгууламж зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
- Хотын гол болон туслах гудамж замуудын (Улаанбаатар хот, БГД, ХУД, СХД, БЗД, ЧД, СБД) 50,929 м2 тоо хэмжээтэй тэмдэглэгээний ажил хийгдээд байна.
-СБД-ийн 13 дугаар хороо Хайлааст Дарь-Эхийг холбосон замаас хойш Сэлбэ дэд төвийн зам руу холбогдсон шинэ авто замын зогсоол болон явган хүний замын ажил зэрэг 30 орчим томоохон төсөл хөтөлбөрийн явцыг танилцуулсан.
Иргэд “Туул хурдны зам” төсөл нь нийслэлийн автозамын түгжрэл бууруулахад томоохон ач холбогдолтой хэмээн тус төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа онцлон илэрхийлж байлаа.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!