Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан билээ.
Монгол Улсын Засгийн газар 2026 оны 100 дугаар тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 11-13-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хүй долоон худагт өнөөдөр /2026.07.13/ анхны олон улсын баяр “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэлээ.
“Дэлхийн адууны өдөр” нь монгол адууны үнэ цэн, генетикийн өв, нүүдэлчин ахуй, соёл иргэншлийг хадгалах, олон улсад түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү арга хэмжээг нээж, наадамчин олонд хандаж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас дэвшүүлж байна” гээд Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлж байгааг онцлов.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж, эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагссан 12600 морьтны парадыг Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлан оролцлоо.
Дэлхийн адууны өдрийг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр ажиллав.
"Дэлхийн адууны өдөр"-т зориулж Хүй долоон худагт морин спорт, адуун соёл, өв уламжлалыг таниулах олон улсын морин уралдаан, хүчит бөхийн барилдаан, морин циркийн үзүүлбэр, “Адуучин “тэмцээн зэрэг арга хэмжээ болсон юм.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!