Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Н.Учрал нар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийж, төслийн талаарх иргэдийн саналыг авчээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд Улсын Их Хурлын гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмж болох ч бие төлөөлөгч, туслахын тоог хасах, салбар, салбарын төлөөллийг багтаах, тогтолцоог өөрчлөх, “давхар дээл өмсөх”-гүйгээр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв шийдвэр гаргаж байх нь чухал гэх зэрэг саналыг хэлсэн байна. Түүнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлыг 100-123 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэг саналыг олонтаа хэлж байсан аж.
Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүд иргэдийн саналыг албан ёсоор Улсын Их Хуралд хүргүүлэн ажиллахаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргийн 12-17, 30, 31, 43 дугаар хороодын иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийнхээ үзэл бодол саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийв. Уулзалтад 350 гаруй иргэн оролцож, 17 хүн санал хэлсэн бөгөөд 11 иргэн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 4 иргэн дэмжихгүй байгаа гэв.
Санал хэлсэн иргэд Улсын Их Хурал гишүүдийн тоог нэмэхдээ 152-оос цөөн байх нь зөв, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр өрсөлдөөн, шударга ёс ноёлож, ил тод байдал хангагдах ач холбогдолтой гэдэг саналуудыг хэлж байв. Мөн Улсын Их Хуралд салбар салбарын төлөөллийг багтаах, намууд ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй, авилгаас ангид, ёс зүйтэй, эрдэм боловсролтой, чадварлаг, зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Amlalt.mn