Хүннү хотын нутаг дэвсгэрийг үер, усны эрсдлээс хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын сувгуудыг барьж байна. Төслийн хүрээнд нийт дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулахаас “Хангилцаг” ХХК-ийн гүйцэтгэсэн дөрөвдүгээр сувгийн барилгын ажлыг хийж дуусгаж, улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулжээ.

“Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн барилгын инженер Н.Ууганбаяр “Усны барилга байгууламжийн судалгаагаар Хүннү хотын нутаг дэвсгэрт нийт 15 томоохон сайр, гуу жалга байгааг тогтоосон байдаг. Эдгээр сайрын усны урсцыг зохицуулах, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор дөрвөн үндсэн чиглэлд үерийн хамгаалалтын суваг байгуулах зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Эхний ээлжид дөрөвдүгээр сувгийг ашиглалтад оруулаад байна. Харин нэгдүгээр сувгийн барилгын ажлыг “Комфорт-Импэкс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 6.3 км орчим урт үерийн хамгаалалтын далан, суваг барьсан. Ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. 2026 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.
Үерийн хамгаалалтын сувгууд ашиглалтад орсноор Хүннү хотын нутаг дэвсгэр болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг үер, усны болзошгүй эрсдэлээс хамгаалах, бороо хурын усыг зохистой урсгалаар зайлуулах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр хотын инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!