“Аюулгүй нийгэм-Бидний оролцоо” уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай гэлээ. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг “хар цэг”-үүдийг тодорхойлсны үндсэн дээр 2026 онд 1856 байршилд ухаалаг камер нэмж суурилуулах шаардлагатайг онцлоод, бүрэн камержуулна гэв.
Мөн "Гэр хорооллыг бүрэн камержуулж чадвал тухайн бүсэд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурна. Орчин үеийн хот, улс орнууд хиймэл оюунд суурилсан хяналтын системийг нэвтрүүлж, аюулгүй байдлаа хангаж байна. Бид ч мөн энэ чиглэлд бодит ахиц гаргах ёстой. Камержуулснаар тухайлбал, 2025 онд залилангийн төрлөөс бусад гэмт хэргийн гаралт 30 хүртэлх хувиар буурсныг ЦЕГ-аас мэдээлсэн. Энэхүү эерэг үзүүлэлтэд зөвхөн техник, технологийн дэвшил бус иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал.
Үүний тод жишээ нь өнгөрсөн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлсэн “Хашаагаа нээе” аян байлаа. Иргэд өөрсдийн хашаа, орчноо нээлттэй болгож, харилцан хяналт, оролцоог нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулсан, бид түгжрэлгүй шинэлсэн" гэдгийг онцоллоо.
Мөн А.Баяр дарга урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн техник, хяналтаар хязгаарлахгүй, хүмүүжил, соён гэгээрүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатайг дурдлаа. Хүүхэд гэмт хэрэгт холбогддоггүй байхад зорьсон “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэхийн чухлыг санууллаа.
Тэрбээр “Өөрийн үндэсний өв соёл, мал аж ахуй, нүүдэлчин соёлоо ойлгосон хүүхэд хэзээ ч бусдыг дээрэлхэх, буруу үйлдэл хийж танхайрахгүй. Таван хошуу малаа өсгөдөг, байгаль дэлхийтэйгээ ойрхон өссөн хүүхэд өрөвч нинжин сэтгэлтэй болдог. Иймд хүмүүжлийн бодлого гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!