“Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Засгийн газар 2013 оноос жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн хөгжих, суралцах чадвар, нийгэмших байдал, амьдралын чанарт шууд нөлөөлдөг байна. Хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлага, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй юм.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд юм. Тэдний 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай бол байнгын хэвтэрт 1700, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд хамрагдаж чадахгүй 1263 хүүхэд байв.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “...тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтний үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!