Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтаар хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох санал тавив. Мөн хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг дурдав.

Хөх хотын Засаг дарга Лянь Дун дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!