Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр шийдвэр гаргасныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Нэгд, төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулах хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэн батална. Ингэснээр төрийн компаниуд олон нийтэд нээлттэй болж, олон нийтийн хараа хяналтад орж, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтаар сонгодог болох аж. Хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулах юм байна.
Хоёрт, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл оролцсон нийгмийн зөвшилцөлд хүргэх үндэсний зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзэв. Энэ чиглэлд УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулах аж. Тус зөвлөгөөнөөр өнгөрсөн 30 жилээ дүгнэж, Монгол Улс зөв замаар явж буй эсэхээ ярилцана гэж мэдээллээ.