Манай сайт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах алба хаагчдаа хувийн ажилдаа дайчилдаг, цалингаас нь үндэслэлгүй мөнгө суутгаж авдаг, хашаа хороо бариулдаг тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Гэтэл Г.Галбадрах хурандаа албан хаагчдаа мөрдөн шалгааж, хэвлэлд хэн мэдээлэл өгсөн бэ, хэн намайг “матсан бэ” гэх зэргээр алба хаагчдаа дахин “дарамталсан” байна.
Зүй нь Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд энэ асуудлыг шалгаж тогтоон, Г.Галбадрах хурандаад хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлөхийн оронд “толгойг нь илээд” хариуцлага тооцоогүй байна.
Ингэх шалтгаан Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарт байдаг бололтой.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нь ОБЕГ-ын дарга нараа Сэлэнгэ аймагт ажлын бус цагаар урьж амараадаг, ан гөрөө, загас жараахай хөөцөлдөхөд нь тэднийг угтан авч, энэ “үйчилгээ”-г нь хариуцан хэрэгжүүлдэг хүн учраас түүнийг ингэж “зөөлөн шийтгэж” байгаа гэнэ.
Тэгэхлээр цаашдаа Сэлэнгийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах аймгийнхаа онцгой байдлын алба хаагчдыг хувийн ажилдаа дайчилж, тариалан дээрээ авч ажиллуулж, хашаа хороо зуслангийн байшингаа бариулж, эвдэрсэн албаны машины сэлбэгийг авах мөнгийг цалингаас нь суутгаж, жирэмсний болон хөдөө орон нутагт ажилласны цалингийн тэтгэмжийг нь олгохгүй гэж дарамталж болно гэсэн үг үү Г.Ариунбуян генералаа?
Иргэдэд учирч болзошгүй гал усны гашуун зовлон, ган зудад нэрвэгдэхэд хамгийн түрүүнд очиж тусламж үзүүлдэг, гамшиг эрсдэл бүрт өдөр шөнө гэлтгүй зүтгэдэг аймгийн Онцгой байдлын алба хаагчдыг Сэлэнгийн онцгой байдлын дарга нь дарамталж, төрийн албаны холбогдох хууль дүрмийг зөрчиж байгаа энэ мэт бусармаг үйлдэлд ОБЕГ-ын удирдлагаас хариуцлага тооцдоггүй юм бол манай сайт газар дээр нь очиж ажиллан, сурвалжлага мэдээ бэлтгэн хүргэх болно.
Мөн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахтай холбоотой эл асуудлыг АТГ-аас шалгах нь зүйтэй.
А.Галт
Amlalt.mn