Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
23 минут 33 секунд
Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
Нийтлэсэн огноо:

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн ой маргааш тохиож байна. Энэхүү түүхт ойн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, “Чингис хаан” одонт, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Тэртээ 1990 онд манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсан. Ардын Их Хурлаас анх удаа байнгын ажиллагаатай парламентыг чухам хэрхэн, яаж бүрдүүлсэн, ямар үзэл хандлагаар хандсан нь өнөөдөр сонин байж мэдэх юм?

-Улсын Бага Хурлыг үүсгэн байгуулсан асуудал ардчилсан хувьсгалын үзэл санаатай шууд холбоотой юм. Тухайн үед улс төрийн хүчнүүд шинээр бүрэлдэж бий болж, нийгэмд өрнөж байсан өөрчлөн байгуулалт, ил байдал, шинэчлэлийн давалгаагаар монголчуудын сэтгэл зүйд чөлөөт үзэл санаа, эрх чөлөөний эрмэлзэл улам бүр нэмэгдэж байлаа шүү дээ. Улмаар ардчилсан хүчнүүд анхлан зохион байгуулалтад орж, олон нийтийг уриалан гарч ирсэн. Ардчилсан хүчнүүдийн анхны шаардлагуудын нэг нь бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулиар түр хурлыг байгуулаад, тэр түр хурлаасаа Монгол Улсын Үндсэн хуулиа баталж, улмаар өөрөө татан буугдах шаардлага байсан. Ингэхдээ түр хурлыг олон намын оролцоотойгоор байгуулах ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлж байлаа. Энэ бол МАХН-ын ч тэр, бусад ардчилсан хүчнүүдийн ч тэр тайван замаар ардчилсан хувьсгалаа хийх үзэл санааны, тэр яриа хэлэлцээ, ойлголцол тохиролцооны гол түлхүүр нь байлаа. Ингээд бид тэрхүү түр хүрлаа хэрхэн байгуулах вэ, түүнийхээ эрх зүйн үндсийг яаж тавих вэ гэдэг дээр нэлээд урт хугацаанд тогтож ярилцсан. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаагийн үндсэн өөрчлөлт орж, ялангуяа тавдугаар сарын 10-нд хийсэн төрийн байгууллын тухай 3, 4 дүгээр бүлгийг бүхэлд нь хамруулсан нэмэлт, өөрчлөлтөөр манай улс Улсын Бага Хурал гэх байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллагатай байна, Ардын Их Хурал бол төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага байна, мөн Ерөнхийлөгч гэсэн институттэй байна гэж төрийн байгууламжийн тогтолцоог цоо шинээр томьёолсон нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Олон намуудыг хүлээн зөвшөөрсөн заалт бүр гуравдугаар сарын нэмэлтээр орсон шүү дээ.

-Тэгэхээр Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнд улс төрийн намуудын төлөөллийг багтаах, олон талын дуу хоолойг оруулж ирэх гэдэг дээр түлхүү төвлөрсөн гэж ойлгож болох уу?

-Тавдугаар сарын хэлэлцүүлгээр бид Улсын Бага хурал гэдэг парламент байнгын ажиллагаатай байх юм гэдгийг шийдэж, энэ үзэл санаан дээр тухайн үеийн бүхий л намууд санал нэгдэн, Үндсэн хуулиа олон намын оролцоотойгоор боловсруулж, гаргах юм байна гэдэг дээр зөвшилцөж чадсан. Улмаар сонгуулиа яаж хийх вэ гэдэг асуудал үүсэхэд бас л олон талын оролцоотойгоор нэлээд тогтож ярилцаж шийдвэрлэсэн. Тэр үеийн гол зөвшилцөл бол Улсын Бага Хурлаа, Ардын Их Хурлаа яаж байгуулах вэ гэдэг асуудал байсан. Тэгээд Үндсэн хуулийн нэмэлт дотроо бараг сонгуулийн журмын шинжтэй зүйлийг оруулсан. Улсын Бага Хурал 50 гишүүн, дарга, орлогч, нарийн бичиг гэсэн 53 хүний бүрэлдэхүүнтэй байна, эхлээд намуудад суудлуудыг хуваарилна, үүнийг сонгогчдын намуудад өгсөн саналаар шийдвэрлэнэ гэж тогтсон. Дараа нь Ардын Их Хуралд хуваарилагдсан суудал дээрээ намууд өөрсдөө нэр дэвшүүлж, түүнийг Ардын Их Хурал баталснаар Улсын Бага Хурал бүрдэнэ гэсэн энэ агуулга, мөн тус хурал ямар эрх мэдэлтэй байх зэрэг суурь асуудлуудыг тэр БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд 1990 оны тавдугаар сарын 10-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулсан.

-Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, нэлээн хүнд байсан тэр үед Улсын Бага Хурал аливаа шийдвэрийг гаргахдаа таны ярьж буй энэ нийгэм, улс төрийн зөвшилцлийг, тодруулбал, улс төрийн намуудынхаа зөвшилцлийг бүрэн хангаж чадсан уу?

-Монгол Улсын анхны парламент ихээхэн эгзэгтэй, ээдрээтэй тухайн үед зөвшилцлийн индэр байж чадсан уу, нийгмийн, тэр дундаа улс төрийн зөвшилцөл ямар түвшинд, яаж хийгдэж байсан бэ гэдэг дээр бид зайлшгүй хариулт өгөх учиртай юм. Бодъё л доо. Ардын Их Хурлын бүрэлдэхүүний дийлэнх олонх МАХН-аас байхад Дэд ерөнхийлөгчөө цөөнхөөс сонгож байсан нь зөвшилцлийн хамгийн бодит жишээ юм. Тэр үед улс төрийн намууд ямар хариуцлага хүлээсэн бэ гэвэл хоорондоо зөвшилцөж, ойлголцол итгэлцлийг бий болгож тайван замаар ардчилсан хувьсгалаа хийсэн шигээ түүнийхээ гол зорилт болох Үндсэн хуулийг бүх ард түмнийхээ үзэл саналыг тусгаж, цоо шинээр боловсруулан батлах явдал гэдэг дээр зөвшилцсөн. Монголчууд одоо хэр хэн хүнгүй л санаж байгаа байх, Улсын Бага Хурал яаж ажилладаг, хэрхэн хуралддаг байсныг. Тэнд бидэнд ер нь хэн нь аль нам бэ гэдэг бол сүүлдээ хоёр, гуравдугаар асуудал байлаа шүү дээ. Улсын Бага Хурлын хэлэлцүүлгийн явц, санал онол гаргах, түүн дээрээ зөвшилцөхийн төлөө шөнө дүл болтол суудаг байсан энэ үйл явцыг ард иргэд санаж байгаа. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэх энэ хоёр институц хоорондоо яаж ажиллаж, хэрхэн нэг санаа, зорилго дээр нэгдэж чадав, Үндсэн хуулийг баталж байхад Ардын Их Хурал ямар зөвшилцөл дээр хэрхэн ажилласан бэ гэдгийг бүгдээрээ санаж байгаа. Эхэндээ нэгдэж чадаагүй байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Улсын Бага Хурлын гишүүд та нар үүргээ гүйцэтгэсэн, Үндсэн хуулийн төслөө боловсруулаад, оруулаад ирлээ, одоо батлах нь бидний асуудал, та нар цаашаа бай гэсэн ийм уур амьсгалаар арав гаруй хоносон. Гэвч сүүлдээ үгүй ээ, ер нь бол Улсын Бага хурлаа сонсох нь зүйтэй юм байна, энэ нь ямар учиртай, тэр нь ямар утгатай вэ гэдгийг тайлах, тайлбарлах шаардлагатай юм байна гэдэг ийм уур амьсгал руу орж чадсан. Улмаар Ардын Их Хурал, Улсын Бага Хурал хоёр маш нягт ойлголцож, зөвшилцөж ажиллах ёстой юм байна, тэгж байж Үндсэн хуулиа баталж чадах юм байна гэдэг тэр үнэ цэнийг бүгд ойлгож, мэдэрсэн гэж болно. Ер нь би боддог юм, тухайн үед бид авсан мандатаа ерөөсөө л Үндсэн хуулийг батлах энэ нэр төртэй үүргийг биелүүлэх явдал гэж ойлгож байсан. Үүнийгээ л биелүүлчихвэл бид нар тэр таван жилийн эрхээ эдлэх гээд байх хэрэг байхгүй гээд ухамсарлачихсан байсан. Агуу байгаа биз? Уул нь таван жилийн бүрэн эрхтэй сонгогдож байгаа юм шүү дээ. Тэр хугацаа энэ тэр хамаагүй, гол нь шинэ Үндсэн хуулиа чамбай сайн боловсруулан баталж, хурдхан шиг шинэ тогтолцоондоо шилжих ёстой гэсэн ийм л чин хүсэл, чигч зорилготой ажиллацгаасан юм. Одоо бодоход үүргээ мэдэж, эрхээ огоорсон ийм лут том ёс зүй байсан юм шүү.

-Улсын Бага Хурал ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн гол үүргээ биелүүлж чадсан гэж хүмүүс дүгнэдэг. Яг дотор нь, тэр бүү хэл даргаар нь ажиллаж байсны хувьд та юу гэж хэлэх вэ?

-Улсын Бага Хурал хууль тогтоохдоо юуг баримталж байсан юм бэ гэдгийг одоо бодоход сонин байж мэдэх юм. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийн зөвхөн 3, 4 дүгээр бүлэг буюу төрийн байгуулалтын тэр хэсгийг л тухайн үед өөрчилсөн. Бусад бүх хэсэг нь хэвээрээ байсан. Одоо тэр зөвхөн социалист өмч байна, хувийн өмчийн тухай асуудал байхгүй зөвхөн амины өмч байна гэх мэт бүхий л зүйл хэвээрээ байсан. Гэтэл Улсын Бага Хурал Иргэний хуульд хувийн өмчийн тухай асуудлыг, Боловсролын хуульд өмчийн олон хэвшлийн сургуулийн тухай асуудлыг тусгах гэх мэтээр Монголын нийт хүний хүсэн хүлээж байсан тэр зүйл рүү чиглэж ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын нийт ард иргэдийн тэр хүсэл эрмэлзэл, тэдний үзэл санаагаар мандат авсан гэдгээ ухаарч, ухамсарлаж ажилласан учир хууль, тогтоомжуудыг батлаад явсан. Үндсэндээ Улсын Бага Хурлын үйл ажиллагаа хоёр үе шаттай байсан гэж хэлж болно. Нэг нь Үндсэн хууль батлагдах хүртэлх үе. Энэ үед бид ирээдүйд батлагдаж, мөрдөгдөх тэр Үндсэн хуульдаа нийцүүлсэн үзэл санаагаар хуулиудыг баталсан. Ингэж баталсан хуулиуд маань Үндсэн хуулиа боловсруулах, батлахад ч гэсэн их дөхөм болсон л доо. Угаасаа энэ асуудал, энэ үзэл баримтлал нь хууль болчихсон, хэрэгжиж байгаа, ийм тийм хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн асуудал бүх л юмнууд одоо үйлчилж байна гэх байдлаар Үндсэн хуульдаа тусгахад маш их нэмэртэй байсан гэсэн үг шүү дээ. Хоёрдугаар үе шат нь Үндсэн хууль батлагдсаны дараах үе. Одоо бид яах вэ, таван жилийн бүрэн эрх эдлэхгүй, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу Улсын Их Хурлын сонгууль явуулж, Улсын Бага Хурлын дараагийн институцийг бий болгохын тулд яах ёстой байх вэ? Цэцийн хуулийг батлах ёстой, Улсын Их Хурлын тухай хуулийг батлах ёстой, Засгийн газрын тухай, Сонгуулийн тухай хуулийг батлах ёстой. Гээд дараа дараагийн эрх зүйн үндсийг тавьж өгөх ёстой болж байгаа юм. Ингэж хоёр үе шаттай хууль тогтоох бодлого явуулсан. Мэдээж, эхний үед буюу Үндсэн хууль батлагдахаас өмн баталсан хуулиуд шинэ Үндсэн хуульд бүрэн дүүрэн нийцэх үү гэвэл нийцэхгүй. Гэхдээ энэ хуулиудыг тухайн үед бид легитим буюу ард түмнээс авсан эрхийнхээ үндсэн дээр, үүргийнхээ үндсэн дээр, ард түмнийхээ үзэл санаагаар баталж ажилласан. Хэн ч тухайн үед Үндсэн хууль ийм, тийм гэж маргаан, хэлцээн гаргаж байгаагүй. Энэ бол тухайн үеийн хууль тогтоох үйл ажиллагааны өвөрмөц нөхцөл байдал байсан гэж хэлж болно.

-Тухайн үеийн хууль тогтоогчид эрх ямба гэхээсээ илүү үүргээ ухамсарлаж, ёс зүйтэй ажилласан гэж та ярилаа. Эдийн засаг, нийгмийн байдал хүнд бэрх байсан тэр үед Улсын Бага Хурлын гишүүдийг ёс зүйтэй ажиллахад түлхсэн ямар хүчин зүйл байв?

-Улсын Бага Хурлын үед улс орны эдийн засгийн байдал хүнд хэцүү байсныг бүгд мэднэ шүү дээ. Картын барааны үе байлаа. Дэлгүүрийн лангуун дээр бор давс л байлаа. Энэ нөхцөл байдал хоёр талтай байсан л даа. Нэгдүгээрт, манай улсад социализмын үед Зөвлөлт Холбоот Улс төсвийн татаас өгч, бараг 70 хувийг тэндээс, зээлээр бүрдүүлдэг байсан. Үүнийгээ дагаад Зөвлөлтийнхөн манай Монголыг мэддэг байсан байхгүй. Энэ үйл явц, харилцаа хамаарал шал өөр болсон. Зөвлөлт Холбоот Улс задарч, Монгол руу өгдөг тэр татаас ч байхгүй болсон. Дээрээс нь тэг, ингэ гэдэг бодлогын нөлөөлөл нь ч байхгүй болсон. Үүнийг л бид үүлэн чөлөөний нар гэж яриад байгаа юм. Монголд ийм хууль зүйн үүлэн чөлөөний нар гарлаа, бид хэнээс ч хамааралгүйгээр өөрөө өөрсдийгөө тодорхойлох, өөрөө өөрийгөө мэдэх үүлэн чөлөөний нар гийлээ гэж үзсэн. Тэр бол яах ч арга байхгүй торгон агшин байсан л даа. Тийм үед хамгийн гол зүйл бол Улсын Бага хурал эдийн засгаа сахихын тулд одоогийн ярьдгаар гурав дахь хөршийн бодлогоо тодорхойлсон. Монгол Улс Олон Улсын Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын томоохон банкнуудад Улсын Бага Хурлын тогтоолоор гишүүн болж орсон. Тэдгээр байгууллагуудад гишүүн болсон учраас нөгөө Монголд дэмжлэг туслалцаа үзүүлэх олон улсын санхүүгийн дэмжлэгийн холбоо болон донор орнуудын бүрэлдэхүүн бий болсон. Ингээд манай улс нөгөө хуучин Зөвлөлтөөс авдаг байсан зүйлсээ олон улсаас авдаг болж, манай улсад өгсөн түншүүдийнхээ итгэл, ардчиллын талаарх үнэлэлт дүгнэлт дээр тулгуурласан шинэ олон улсын харилцааг бий болгох замаар нөхөж чадсан. Энэ болбол онцгойлон тэмдэглэж хэлэх ёстой зүйл юм. Өөр нэг зүйл бол өнөөдөр энгийн юм шиг мөртлөө бүхэл бүтэн тогтолцоог оруулж ирсэн явдал шүү дээ.

-Парламентын тогтолцоогоо бэхжүүлэх, цаашдын төлөвшлийг бүрэн хангахад улс төрийн намуудыг төлөвшүүлэх асуудал чухал гэж ярьдаг. Үүний тул юуг гол болгох ёстой гэж та үзэж байна вэ?

-Улс төрийн намын төлөвшлийн тухай бид олон жил, маш их ярьсан. Ерөөсөө сонгууль шударга болдог болсон цагт бүх юм аяндаа зөв голдиролдоо эргээд орно. 1990 оны сонгуулийг эргэн санаж байна. Би Архангай аймгийн Тариат сумаас сонгогдсон. Надад байсан юм нь нэг улаан мотоцикльтой найз л байлаа шүү дээ. Улаан мотоцикльтой найзынхаа ард сундлаад л давхина. Тэр маань заримдаа энэ сонгуульд чинь явсаар байгаад гутлын хоншоор эргэчихлээ гээд хөхөрч байдаг байсан. Өнөө дэмжиж явдаг хүмүүс маань л хамгийн түрүүнд гүйгээд ирчихнэ. Хүсэл зоригоороо. Юун бензин тосны үнэ, машин тэрэг. Зүгээр морь малтайгаа хүрээд ирнэ. Өөрөөр хэлэх юм бол, тийм нэг оргил үе байдаг юм байна. Ер нь олон хүний сэтгэл тэмүүллийн тийм оргил үе, тэр тэмүүллээрээ цугларах тийм цаг үе байсан байсан. Үүнээс маш их зүйл шалтгаалж байгаа юм. Мөнгөний хамааралгүй сонгууль болж байна уу, үгүй юү? Хууль тогтоох үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилдөөнгүйгээр явж чадаж байгаа юу, үгүй юү? Зөвхөн парламент бус, ерөөсөө төрийн бүх институц шударга байх ёстой. Шүүх нь, прокурор нь, Үндсэн хуулийн цэц нь. Тийм үү? Бүх түвшинд, бүх нутаг дэвсгэр дээр өргөн утгаараа шударга л байх юм бол бүх зүйл болно. Дайн болсон ч улс сэргэдэг, өвчин зовлон, ядуурал нүүрлэсэн ч гэсэн улс орон даваад гардаг. Харин шударга ёсгүй бол улс орон мөхнө гэсэн маш гүнзгий дүгнэлтээр нэг кино дуусаж байхыг би дөнгөж өчигдөрхөн үзлээ. Мөнгөний сонгууль л явагдаж байгаа бол шударга ёсны тухай ямар ч хэлэлцүүлэг байхгүй. Хүн Монгол Улсын төлөө зүтгэдэг атлаа мөнгөгүй л бол хэзээ ч Улсын Их Хурлын гишүүн болж чадахгүй ийм нөхцөл байдалд байх л юм бол шударга сонгуулийн тухай хэлэлцүүлэг байхгүй. Би тэгж боддог. Өнгөрсөн жилийн хувь тэнцүүлсэн болон мажоритар хэлбэрийн холимог тогтолцоонд бас л нэг жижигхэн онгорхой байна. Улсын Бага хурал хамгийн сүүлд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлах гэж мөн их ажилласан. Бараг цэвэр пропорциональ аргыг оруулъя гэж нэг хэсэг яриад, герман маягийн пропорционалыг авъя ч гэж нэг хэсэг нь ярьсан. Хүн хүн өөр өөрийн зөв гэж бодсоныг, өөр өөрийн хувилбарыг шахаж байсан. Үндсэн хуулийн хавсралт хуулиар долдугаар сард сонгууль явуулахаар заачихсан. Тиймээс Сонгуулийн хуулийг заавал батлахгүй бол болохгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн хавсралтын хууль чинь Үндсэн хуультайгаа адил хүчин чадалтай хууль байхгүй юу. Ингээд хуулиа баталсан. Олон мандаттай мажоритар муу гэж хэлэхгүй. Гол нь шударга л байх ёстой. Өнөөдөр олон нийт намууды төлөвшлийн тухай их ярьж байна, гишүүдийн талаар ч ярьж байна. Энэ бүхэн бол шударга сонгуулийг л ард түмэн хүсээд байгаагийн илрэл байхгүй юу.

-Өнөөдөр Улсын Бага Хурлын 35 жилийн ой болж байна. Эргээд дүгнэхэд Улсын Бага хурал бидэнд ер нь юу үлдээсэн юм бэ?

-Улсын Бага Хурлын гишүүд бид түүнээс хойш Монголын улс төрд, парламент болон төрийн бусад институциудад олон жил ажиллацгаасан. Олон ч удаа сонгогдлоо. Дарга нь ч явлаа, цэрэг нь ч явлаа. Ингэж явахдаа та нар үүнийгээ ч хийчихгүй, түүнийгээ ч баталчихгүй яасан юм бэ гэж хүмүүс их хэлдэг. Асуудаг. Энэ асуудал дээр ингээд алдаа гаргачихсан юм биш үү, засаж залруулахгүй яасан юм бэ гэдэг. Ийм тохиолдолд бид уучлаарай л гэж хэлэхээс өөр арга байхгүй. Хамгийн гол нь бид улс үндэстнийхээ төрт ёсны уламжлалыг, тэр улс төрийн соёлыг, шударга ёсны үнэ цэнийг, тэр нэг гэрэл гэгээг авч явах юмсан, хадгалах юмсан гэж бодож, хичээж ажилладаг байсан. Хэрэндээ тэр сайн сайхан юмыг хадгалж, хууль тогтоох үйл ажиллагаандаа яаж шударгаар, олон ургальч үзэл хандлагаар хандах вэ гэдгийг бодож, хичээж явсан. Гэхдээ үнэндээ бидэнд Улсын Их Хуралд олонтаа сонгогдож, олон жил иргэд, сонгогчдоо төлөөлөн ажиллахдаа энэ зарчим, соёл, үнэ цэнтэй зүйлдээ чанга хатуу байж чадаагүй гэм буруу бас байгаа. Үүнийхээ төлөө бид уучлал гуйх л ёстой гэж бодож байна. 2016 оны сонгуулиар би яах аргагүй мөнгөнд цохиулаад унаж байлаа. 2008 он, 2012 оны сонгуульд бид нөгөө л пропорциональ элементээ ямар нэг хэмжээгээр дахин дахин оруулж байсан. Гэвч эргээд тэр маань алга болчихсон. Хэний ашиг сонирхолд зөрчилдөөд алга болоод байдгийг яривал урт түүх болно. Гол нь олон түмэн маань юмыг нэг тунгаагаад бодоосой гэсэндээ л хэлж байгаа юм. Цаг хязгаартай. Түүх бол өөрөө сургамж. 1992 онд анхны Улсын Их Хурлын нээлтийн чуулган дээр бүрэн эрхээ шилжүүлж байгаа Улсын Бага Хурлын даргын хувиар үг хэлсэн юм. Тэр үгийг бид бүгдээрээ л хамтаараа сууж бичсэн л дээ. Улсын Бага Хурлын алдаа, оноо олон түмний нүдэн дээр ил байлаа, бидний алдсан, оносон зүйлсээс сургамж авч, авах гээхийн ухаанаар хандаарай гэж тэр үгээ төгсгөж байсан юм. Одоогийн манай Улсын Их Хурлын гишүүд, улс төрчид, улс төрийн намууд маань өмнөх түүхээсээ сургамж авч, алдаа оноогоо дэнсэлж ажиллаасай гэж хүсэж байна даа.

Өмнөговь аймаг “MINING WEEK – БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” арга хэмжээнд оролцож байна
Өмнөговь аймаг “MINING WEEK – БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” арга хэмжээнд оролцож байна
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа