Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өнөөдөр (2026.10.28) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газрын харилцаа, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зам тээврийн дэд бүтэц, автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хот төлөвлөлтийн эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсов. Тэрбээр хотын хөгжлийн асуудлыг иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх нь чухал болохыг онцолж, Хот төлөвлөлтийн тухай анхдагч хуулийн төслөө танилцуулан иргэдээс санал авлаа. Уг хуулийн төсөлд дахин төлөвлөлтийн үйл явц, хяналтыг сайжруулах, иргэдэд ээлтэй нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулах бодит шийдлийн нэг болох гэр, байшингийн дулаалгын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Дулаанбаатар” аяны талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг ахлан ажиллаж буйгаа танилцуулсан юм.


Иргэдийн зүгээс дулаалга, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн өртөг, цахилгааны төлбөрийн дарамт, гэр хорооллын дэд бүтэц, стандартын талаар асуулт тавилаа. Үүнтэй холбогдуулан дулаалга, халаалт, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг өрхүүдэд хүртээмжтэй болгох зорилгоор арилжааны банкнуудтай хамтран хэрэгжүүлэх ногоон санхүүжилтийн механизм болон хөнгөлөлттэй зээлийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хэлэв.


Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь залуусын төлөөлөл байсан бөгөөд тэд Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл, татварын шударга тогтолцоо, орон сууцжуулах бодлогын уян хатан нөхцөл, зах зээл дэх зарим бараа бүтээгдэхүүний чанар, стандартад тавих хяналттай холбоотой асуудлаар нээлттэй ярилцлаа.


Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо нь хууль тогтоох үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцохыг уриалав.


Түүнчлэн цаашид “Нээлттэй парламент” танхимд тогтмол иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!