Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарынхаа өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сарын 7-8-ны үед салбарын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, өвөлжилтийн бэлтгэлийг 11 дүгээр сарын 20-ны дотор хангаж, дуусгах чиглэл өгсөн. Хил, гаалийн нөхцөл байдлаас шалтгаалсан тоног төхөөрөмжийн хомсдол үүсч, ажил сунжирсан. 11 дүгээр сарын 20-нд салбар дундын нэгдсэн хурал хийхэд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байгаа дүн гарсан.
12 дугаар сарын эхний долоо хоногт цаг агаар эрс хүйтэрсэн нь Эрчим хүчний салбарын хувьд томоохон шалгалт байлаа. Энэ өвлийг бид амжилттай давж чадна. Тиймээс ард иргэдийг хэт туйлшруулж, айдас битгий үүсгээрэй.
Манай салбарын мянга мянган ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа” гэлээ.