УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улираан ажиллуулж болдог. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан эрх баригч МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа дараагийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар хэлэхдээ "УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргын асуудлыг шийднэ" гэсэн юм.
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргаар П.Анужинг улираан ажиллуулахаар болсон гэдгийг танилцууллаа.