Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм
Огноо
Унших
49 минут 1 секунд
Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм
Нийтлэсэн огноо:

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбар түүхэндээ байгаагүй том талцал, хуваагдал дунд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүлэглэл даган хуваагдаж, мэргэжлийн зарчмаа алдсан уу? Эсвэл улс төрийн хүчний урдаа барих "гар хөл" болов уу? Сэтгүүлч, хэвлэлийн удирдлагуудын "Бид яаж амьдрах вэ?" гэсэн асуултын хариуд төрийн "хаалтын гэрээ"-г зөвтгөх ёстой юу? Зэрэг маш олон асуултад хариулт өгөх хүнээр бид чөлөөт хэвлэлийн онол, арга зүйгээр мэргэшсэн судлаач, профессор Жамъянсүрэнгийн Батбаатар багшийг онцоллоо. Түүний тухайд сэтгүүл зүйн салбарын “ахмад, капитан” нь билээ.

Үнэн үг гашуун байдаг. Олон хүнд таалагдахгүй байж болох ч зарчимтайгаа үлдэх, салбараа аврахын тулд бид энэ цаг мөчид бүгд унших ёстой өгөөжтэй ярилцлага болсон болов уу, хэдий урт ч гэлээ.

МСНЭ анх удаа 1000 сэтгүүлчийн форумыг аравдугаар сарын 30-ны өдөр хийх гэж байна. Түүхэн цаг үе, Монголын сэтгүүл зүйн салбар эргэлтийн цаг дээрээ байгаа мөч. Сошиалд бүслэгдсэн сэтгүүл зүйгээ хамтдаа хамгаалж хадгалж аварч үлдэх, хамгийн чухал эрх чөлөө болох хэвлэлийн эрх чөлөөгөө авч үлдэхэд сэтгүүлчид гэлтгүй олон нийт та бүхний ч дэмжлэг хэрэгтэй юм. Энэ “зовлон” зөвхөн Монголд буй зовлон биш. Дэлхий нийтийн хэвлэл ч сорилт бэрхшээлтэй замаар урсгал сөрөн сошиалд бүслэгдсэн сэтгүүл зүй хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо хамгаалах эрх чөлөөгөө хадгалж үлдэхээр хичээж байна. Бид бас хичээх цаг иржээ.

-Юуны өмнө ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд баярлалаа, багш аа. Таныг зорьж ирсэн шалтгаан нь Монголын сэтгүүл зүйн салбарт үүсээд буй өнөөдрийн талцал хуваагдал шулуухан хэлэхэд хэрүүл тэмцэл, хямралын шалтгаан, үр дагаврын талаар ярилцах гэсэн юм. Яагаад сэтгүүл зүй маань ингэтлээ талцаж хуваагдаж, хоорондоо хэрэлдэж, дайтах тулаанд хүрэв? Судлаач хүний хувьд шалтгааныг нь юу гэж бодож байна вэ? Ялангуяа та чөлөөт хэвлэлээр мэргэшсэн судлаач, зүтгэлтэн хүний хувьд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, үйл явцын талаар өөрийн байр сууриа хэлж өгнө үү?

-Энэ асуултад хариулахын тулд эхлээд Монголын чөлөөт хэвлэлийн түүхийн эхэн үеэс ярих хэрэгтэй болно. Ардчилсан хувьсгалын дараа буюу 1990-ээд оны сүүл, 2000-аад оны үед шар хэвлэлийн хүчтэй давлагаа болсон. Энэ бол нийгмийн задрал, өөрчлөлттэй холбоотой, түүний тусгал болсон зүй ёсны үзэгдэл байв. Үүнийг залгаад хараат бус хэвлэл мөн чанараараа хөгжих хандлага хэдэн жил үргэлжилсэн. 2010-аад оны үед олон улсын байгууллагуудын хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс хэвлэлийн эрх чөлөөтэй орны тоонд орж, бүүр 30 дугаар байр орчимд ордог болж ирсэн. Энэ бол яах аргагүй гэрэл гэгээтэй цонх үе байлаа.

Сүүлийн жилүүдэд энэ байдал эрс өөрчлөгдсөн. Одоо хэвлэлийн эрх чөлөөний индексээр олон улсад бидний эзэлдэг байр бүр хойшилж, 70, 80-р байр руу ухарсан. Олон улсын хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг судалж байдаг байгууллагууд бодит байдлыг маш сайн тандаж мэддэг. Энэ үзүүлэлт бол бидний бодит байдал юм.

Товчхондоо сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг харвал дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг дүр эсгэсэн, хуурмаг чөлөөт хэвлэлийн үе гэж тодорхойлж болно.

-Шалтгаан нь юу вэ?

-Өнгөц харах юм бол хэвлэлүүд илчлэн шүүмжлээд, шударга бустай тэмцээд байгаа мэт харагдавч, угтаа бол ямар нэгэн явцуу эрх ашигт үйлчилж, мөнгө, манайхны шоглож хэлдгээр "хиамрах" нь элбэг болсон. Санхүүжилт, мөнгөний нөлөөнд автах нь их болсон гэсэн үг. Манай олон хэвлэл бүлэглэл дагасан, олон нийтэд биш тэдэндээ л үйлчилсэн байдалтай байна. Сэтгүүлчид хараат бус байж, ардчилал, шударга ёсыг хамгаалж, манаж байх үүрэгтэй ч энэ байдал чөлөөт хэвлэлийг институцийнх нь хувьд сульдуулж байна.

Үүний учир шалтгаан нь ерөөсөө л миний түрүүний хэлсэн нийгэмд талцал, хуваагдал их болсонтой холбоотой. Тэрхүү талцал, хуваагдлын бүлэглэлүүд өөрийн гэсэн зорилго, үзэл сурталтай, түүнийгээ хамгаалах хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг эрмэлздэг. Үүнийг дагаад хэвлэл мэдээлэл талцаж хуваагдан, мэргэжлийн байж чадахгүй байгаа нь өнөөгийн энэ нөхцөл байдалд хүргэж ирлээ.

-Хэн буруутай юм бэ, багш аа? Улс төрчид үү?

-Харамсалтай нь тийм биш. Улс төр яаж ч өрнөж, ямар ч байдлаар явж болно. Учир нь тэр бол улс төр. Харин сэтгүүл зүй түүнд хэт автаж, үүрэг зарчмаа умартсан нэг талыг баримтлан, талцаж тэмцэлдэж байгаа байдал нь тэдний мэргэжлийн бусыг л харуулж байгаа хэрэг. Нийгэмд өрнөж байгаа ямар ч үйл явдалд сэтгүүлч ямагт хөндлөнгийн байр сууринаас хандаж байх ёстой юм. Хэвлэл ямагт хэрсүү байх ёстой юм.

Хөндлөнгийн байр сууринаас алив үйл явдалд хандах ёстой болохоос хувь хүнийхээ үзэл бодол, байр сууринаас хутгалдаж оролцож болохгүй. Жишээлбэл, эсэргүүцлийн жагсаал цуглаан байлаа гэхэд сэтгүүлч хөндлөнгийн байр сууринаас л оролцох ёстой. Өөрөө жагсагч, тэмцэгч болоод хувирчхаж болохгүй. Үйл явдлыг хажуугаас нь ажиглаж, хөндлөнгийн байр сууринд байж л мэргэжлийн ажлаа хийх нөхцөл боломж бүрдэнэ. Чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн үндсэн зарчим бол энэ.

Зарчим, үнэт зүйл, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүй ярьж түүнээ баримталж байж л өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарч чадна. Чөлөөт хэвлэл мэдээлэл ч цаашаа жам ёс, голдирлоор хөгжих боломж бүрдэнэ.

-Уртаашаа нэг талд арван сайт, нөгөө талд дөрөв таван сайт буюу ердөө 15 хүний хоорондын зөрчил, тэмцлээс болоод салбарын асуудал, нэр хүнд, үнэ цэнийн асуудал хөндөгдөж байна. Энэ нь зүй тогтол буюу болох ёстой зүйл юм уу эсвэл улс төрчид, улс төрийн үйл явц нь сэтгүүл зүйг ингэж хөдөлгөж, нөлөөлөөд, "нохойд барьдаг мод", гар хөлөө болгочхов уу? Өөрөөр хэлбэл энэ органик, зөрчил юм уу эсвэл улс төрийн эффектэй юм уу?

- Энэ хуваагдлын гол үндэс нь нэг талаас үзэх юм бол манай чөлөөт хэвлэл жам ёсоороо хөгжиж, ном ёсоороо явж чадаагүй, мэргэжлийн байж чадаагүйн үр дагавар. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүй өөрийнхөө зарчим дээр үндэслэн хэм хэмжээ, үйл ажиллагаа, ёс зүй, дүрэм журмаа бариад явсан бол өөрийн мэргэжлийн дархлаатай байж ийм байдалд орохгүй байсан. Түрүүн хэлсэнчлэн, нийгэм дэх бүлэглэл, тэдний хуваагдал дунд сэтгүүл зүй өөрөө гүйж ороод, тэдний гар хөл болоод явчхаж байгаа учраас ийм байдалд хүрч ирлээ.

Дахин хэлэхэд, энэ бол сэтгүүл зүй мэргэжлийн байж чадаагүйн хор уршиг. Ердөө!

a3e227e608744b978c9f6f38d8f25158

-Хамгийн үнэн зүйл бол, чөлөөт хэвлэл хэзээ ч төрөөс санхүүжиж болохгүй!-

-Тэгвэл наана чинь нэг парадокс байна багш аа. Үзэлцэгч хоёр тал аль аль нь Монголын шилдэг, сайн хандалттай сайтууд гэгддэг. Тодруулбал, “Сет 10“, “Өлөн 10” гээд байгаа нь 2024 оны сонгуулийн өмнө нэгдсэн, Монголын хамгийн хандалт өндөртэй сайтууд гэдгээрээ эвлэлдсэн нэгдэл. Эдний эсрэг үзээд байгаа “Пороро 5” гээд байгаа сайтууд нь мөн л хандалт сайтай, сайн сэтгүүлчид гэгддэг. Гэтэл та "мэргэжлийн байж чадаагүйн үр дагавар" гэлээ. Гэтэл олон нийт буюу зах зээл нь тэднийг "шилдэг сайн сэтгүүлчид" гэж үзэж, үнэлдэг?

-Хоёр талтай. Нэгт, чөлөөт хэвлэлд нэг хатуу зарчим үйлчилдэг. Сэтгүүлч ямар нэгэн болж буй үйл явдлын нэг хэсэг, тоглогч нь болж оролцож болохгүй. Энэ хэм хэмжээгээ сэтгүүлчид ойлгож, зааг, зай барьж чадахгүй байна.

Хэвлэл бол бизнес гэдэгт өрөөсгөлөөр хандаад байна. Хэвлэл бизнес мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ бол маш онцгой, асар өндөр хариуцлагатай бизнес. Савангийн эсвэл гутлын бизнесээс тэс өөр бөгөөд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг. Энэ хэрээрээ хатуу чанд зарчимтай, тогтолцоотой, тоглоомын дүрэмтэй өвөрмөц үйл ажиллагаа. Энэ зарчим, хэм хэмжээгээ алдсанаас болж ийм талцал хуваагдал руу оролцогч болоод өөрсдөө яваад орчхож байгаа юм.

Нөгөө талаас, сая чиний хэлсэн сэтгүүлчид дунд сайн сэтгүүлчид байгаа нь үнэн. Би үүнд харамсдаг. Чадалтай сэтгүүлчид яагаад чөлөөт хэвлэлийн мөн чанар, үнэ цэн, зарчмаа баримталж мэргэжлийн байж чадалгүй ийшээ яваад орчхов оо! Уг нь яг өөрийнхөө сэтгүүл зүйн үйл ажиллагааг ном журмаар нь хийгээд, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлээд явах юм бол чадалтай гэж үнэлэгдэх сэтгүүлчид байгаад байдаг. Гэтэл тухайн сэтгүүлч эсвэл редакц өөрөө мэргэжлийн зарчмаа баримталж чадахгүй цаг зуурын ашиг хонжоо руу гэх үү хэлбийж ороод, ардчилсан нийгмийн хамгийн үнэ цэнтэй байх ёстой хэвлэл мэдээллийн институцийг ингэтэл нь доройтуулж байна.

-Нарийндаа цаад шалтгаан нь санхүүгийн асуудал биш үү, багш аа? Жинхэнэ шалтгаан нь улс төрчид санхүүжүүлээд байна шүү дээ?

-"Санхүүжилтгүй яах юм бэ" гэдэг тухай олон асуулт гардаг. Энэ үнэн. Өнөөдөр мэдээлэл харилцааны цоо шинэ ертөнцөд хэвлэл мэдээллийн зах зээл, түүний бизнес загвар маш их өөрчлөгдөж байна.

Гэхдээ хамгийн үнэн зүйл бол, чөлөөт хэвлэл хэзээ ч төрөөс санхүүжиж болохгүй! Төртэй гэрээ байгуулчихаад, дараа нь хэвлэлийн хараат бус, бие даасан байдлын тухай ярих ямар ч боломжгүй гэдгийг дахин хэлье.

Манайхан "Энэ чинь хаалтын гэрээ биш, хамтын ажиллагааны гэрээ" гэж их гоё тайлбар хэлдэг. Гэхдээ гэрээ бүхэн, ялангуяа төртэй байгуулж байгаа гэрээ бол хаалтын гэрээ л юм. Яагаад гэвэл мэргэжлийн сэтгүүл зүйн номлолоор хэвлэлийн гол санхүүжүүлэгч нь реклам, зар сурталчилгаа хэвлэлийн бие даасан байдалд харшлахааргүй орлого байдаг. Тэр байтугай хэвлэлийн редакц, сурталчилгааны хэлтсийнхэн хамт суух ёсгүй гэж үздэг. Өөр хаалгаар орж, тусдаа суухаар зохион байгуулсан байдаг. Яагаад гэхээр реклам, зар сурталчилгаа нийлүүлэгчдийн нөлөөнд хэвлэл ямар нэг байдлаар автахаас сэргийлж байгаа хэрэг.

Гэтэл төрөөс гэрээ байгуулж мөнгө авчхаад "Энэ бидний нийтлэлийн бодлогод нөлөөлөхгүй, хаалтын гэрээ биш" гэж үзэх ямар ч үндэс байхгүй шүү дээ. Санхүү, мөнгөний харилцаанд орсон л бол хамаарал, нөлөөлөл заавал үүснэ.

-Ардчилсан нийгэм оршин байхын тулд чөлөөт хэвлэл оршин байх ёстой-

-Тэгвэл бид хэрхэн яаж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Та бод доо, хэвлэмэл медиагийн үед бид сониноо зараад, сониныхоо буланд реклам сурталчилгаа гаргаад амьдарчихдаг байлаа. Аль нэг компани, бизнес эрхлэгч заавал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, зах зээлд байршуулдаг байлаа. Гэтэл технологийн хөгжлийн нөлөөгөөр л юм даа, компаниуд өөрсдөө сошиал хуудсаа хөгжүүлээд, Метад мөнгө төлөөд сурталчилгаагаа хийчихэж байна. Захын дуучин, жүжигчин хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж өөрсдийгөө танилцуулж, сурталчилдаг байв. Одоо гэтэл эсрэгээрээ тэд маань өөрсдөө инфлюнсер маягийн болчихсон, бид бараг гуйдаг, царай алддаг хэмжээнд хүрсэн. Тоглоомын дүрэм ингэж эрс өөрчлөгдсөн цаг үед орчин үеийн медиа үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл төр, төрийн байгууллагууд, гэрээ хамтын ажиллагаа санхүүгийн гол эх үүсвэр болсон нь нууц биш. Гэтэл тэдэнтэй гэрээлж болохгүй гэдэг нь үх гэдэгтэй ижил сонсогдож байгаа юм л даа. Бид яах ёстой юм бэ? Гарц гаргалгаа нь юу вэ?

-Хэвлэлийн санхүүжилтийн загвар үнэхээр өөрчлөгдөж, реклам зар сурталчилгааны талбар маш хуваагдмал болсон нь үнэн. Сошиал ертөнц, инфлюнсерүүд рүү гээд тал тал тийшээ хуваагдчихлаа. Гэхдээ энэ чинь ганцхан манай асуудал биш дэлхий нийтээрээ ийм болсон. Олон улсад янз бүрийн арга хэрэгсэл, санхүүжилтийн шинэ загваруудыг гаргаж ирж байна.

Нэг л зүйлийг дахин онцолж хэлмээр байна. Чөлөөт хэвлэлийн санхүүжилт нь төр биш, төртэй байгуулдаг гэрээ биш байх ёстой. Төрийн угжны хурга шиг ийм хэвлэл бол чөлөөт хэвлэл биш, зөвхөн үзэл суртлын, ухуулга тархи угаалтын хэрэгсэл л болж хувирна. Энэ байдлаар цааш явбал ардчилал, улс үндэстний эв нэгдэл, нийгмийн аюулгүй байдал, хүмүүсийн сэтгэл зүй, сайн сайхан байдалд хүртэл сөрөг нөлөө үзүүлэх үндэс шалтгаан болж мэдэх эрсдэлтэй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд ч улс төр, улс төрийн талцал хуваагдал нөлөөлөөд байгаа биз дээ?

Тийм учраас л чөлөөт хэвлэлийн санхүүжилтийн үүсвэр, үндэс нь төр, төрийн байгууллагуудтай байгуулдаг гэрээ биш юм гээд онцлоод байгаа хэрэг. Хэрэв ийм гэрээг, санхүүжилтийн зайлшгүй сурвалж гэж авч үзэх шаардлага гарвал энэ маш нарийн утга учир, ньюанстай байх ёстой. Тэр нь юу вэ гэвэл:

  1. Нээлттэй тендерийн зарчим: Төрөөс бусдаар гүйцэтгүүлэх ажил, хэвлэл мэдээлэл оролцох шаардлагатай ажил байвал тэр нь нээлттэй тендерийн зарчмаар явах ёстой. Одоогийнх шиг хөшигний цаана, ханцуйндаа наймаалцдаг, танил талаараа авдаг, тэрнийгээ нууцалдаг, өөр зорилготой байж болохгүй. Одоогийн гэрээнүүдэд ийм зарчим алга.
  2. Ил тод, шилэн байдал: Хамгийн жижиг гэрээ ч гэсэн шилэн, ил тод байх ёстой. "Ийм ажлын гэрээг, энэ хэвлэл, ийм дүнгээр авлаа" гэдэг нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Арга ядаад л хэлж байна л даа, үүнийг бол.

Хэвлэлд санхүүжилтийн олон суваг байж болох ч хамгийн байж болохгүй суваг бол төр юм. Төрөөс хамааралтай бол чөлөөт хэвлэл оршин тогтнох боломжгүй. Чөлөөт хэвлэл байхгүй байна гэдэг нь зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш буюу нийгэмд шударга ёс, ардчилал, хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө асуудалд орно гэсэн үг.

Ардчилсан нийгэм оршин байхын тулд чөлөөт хэвлэл оршин байх ёстой.

ecefbcec8f1e464aaaaf5def33c6a0cd

-Тэгвэл медиа, хэвлэл мэдээллийн салбарт ямар улсын загвар илүү амьдралтай, манайд хэрэгжиж болохоор санагддаг вэ? Тийм бэлэн загвар бий юу?

-Медиа цахим орон зай руу эрчтэй шилжиж байгаа энэ үед ардчилал өндөр хөгжсөн орнууд хэвлэлээ төрөөс хараат бус байлгахын тулд зарим арга ашиглаж байна.

Уншигчдын тусгай хандив. Хэрэглэгчид, уншигчид нь өөрсдөө чанартай мэдээллийн төлөө хандив өгдөг.

Нийтийн сан бүрдүүлэх. Том том компани, корпорациуд болон иргэдийн хандивыг нэгтгэж, "Нийтийн сан" бүрдүүлдэг. Тэндээсээ чөлөөт хэвлэлүүдийг дэмждэг.

Энэ нь төрөөс эсвэл ганц нэг компани, хувь хүнээс хамааралтай бус, бодит, чанартай мэдээлэл хүргэдэг чөлөөт хэвлэлээ авч үлдэхийн тулд Англиас авахуулаад олон оронд хэрэгжүүлж байгаа загвар. Бид ч гэсэн төрөөс ангидаар оршин тогтнох санхүүжилтийн ийм арга замуудыг эрэлхийлэх ёстой. Түүнээс биш "Одоо яах юм бэ, яаж амьдрах юм бэ" гэж хошуугаа унжуулаад Засгийн газартай түншлэх хамгийн буруу замыг сонгож болохгүй. Тэгвэл чөлөөт хэвлэл үгүй болно.

-Бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ёс зүйтэй сан бүрдүүлж, хэвлэлийн редакцыг дэмждэг байвал зүгээр юм байна. Үүнийг хуулийн зохицуулалт эсвэл лоббигоор хийж болдог уу?

-Иргэд нь нийгмээ, төрөө хянадаг, соёлжсон түвшинд очсон улс орнуудад чөлөөт хэвлэлийг ард иргэд, хэрэглэгчид нь өөрсдөө хамгаалаад, бойжуулаад явж байна. Манайх яваандаа тэр зүг рүү явах байх. Гэхдээ тэрнээс өмнө Ц.Дашдондов гуайн хэлдгээр “Хэвлэл засгийн газартай нэг хөнжилд орж, үгсэн эвлэлдэж” хэрхэвч болохгүй.

-Манай сэтгүүлчдийн дунд үүссэн өнөөдрийн талцал, хуваагдал шулуухан хэлэхэд нэгдэл, бүлэглэл нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах үеэс эрчээ авч явсаар өнөөдрийн хурц үедээ хүрч ирсэн байдаг. Эд бие биенийгээ юу гэж буруутгадаг вэ гэхээр, "Манайх Туулын урд талын замыг өдөр шөнөгүй мэдээлсэн, баримт дэлгэсэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хийсэн, нөгөө тал нь үүнийг огт мэдээлээгүй, худалдагдсан" гэж талцдаг. "Би мэдээлсэн учраас жинхэнэ сэтгүүл зүй хийж байна, чи мэдээлээгүй учраас худалдагдсан" гэх мэтээр бие бие рүүгээ дайрч, буруутгадаг. Энэ зүй зохистой буруутгал мөн үү? Өөрөөр хэлбэл юуг мэдээлж, юуг мэдээлэхгүй байх тал дээр тогтсон онол, номлол байдаг уу?

-Юун түрүүн ямар үйл явдлыг сурвалжлах, юуг мэдээлэх эсэхээ сонгох нь тухайн редакцын өөрийнх нь эрхийн асуудал байдаг. "Чи үүнийг сурвалжилсан, сурвалжлаагүй" гэж нэгнээ шүүмжилж байгаа бол тэр нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд жинхэнэ утгаараа халдаж байгаа хэрэг болно. Өөрөөр хэлбэл онцгой тохиолдол биш бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл явдлыг мэдээлэх эсвэл мэдээлэхгүй байх ч эрхтэй. Тухайн зүйлийг дэмжиж ч болно, үгүйсгэж ч болно. Энэ чинь л хэвлэлийн эрх чөлөө юм шүү дээ.

Онцгой тохиолдол гэдэг нь олон нийтийн анхаарал, сонирхолын төвд байгаа онцгой үйл явдлыг огт мэдээлэхгүй өнгөрвөл энэ нь мэргэжлийн медиагийн тухайд бол учир дутагдалтай сайнгүй зүйл л дээ. Жишээлбэл, 2005, 2006 оны үед АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш манай улсад айлчлах үеэр манай нэг өдөр тутмын сонин тэрхүү түүхэн айлчлалын талаарх мэдээг тухайн өдрийн дугаартаа огт сурвалжлаагүй, мэдээлээгүй байсан шиг санагдана. АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад ирж байна гэдэг чинь дэлхийн анхаарлыг татсан онцгой үйл явдал биз дээ. Ийм чухал үйл явдлыг заавал мэдээлэх нь мэргэжлийн редакцын заавал хийх ажил, бид мэдээлэхгүй гэвэл мэргэжлийн хувьд жаахан тиймхэн. Олны анхаарал сонирхлын ийм онцгойгоос бусад тохиолдолд бол "Чи мэдээлсэнгүй" гэж буруутгах нь редакцын эрхэнд халдаж байгаа хэрэг.

Өнөөдрийн сэтгүүлчдийн талцал нь хүүхдүүд байлдаж тоглож байгаа юм шиг, өөрсдөө тэр дундаа ороод хэт автчихсан, түүндээ итгэчихсэн байдалтай л харагдаж байна.

-Шалтгаан нь сэтгүүл зүй рүү дайрсан зохион байгуулалттай акц хийж байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн талцал, хуваагдлын ард удахгүй болох Нийслэлийн МАН-ын Бага хурал, нэгнээсээ нийслэлийн намын хороогоо “салгаж” авах зорилготой улс төрийн акц гэдгийг сэтгүүлчид бид дотроо мэдээд байгаа юм. Энэ тэмцэлдээ сэтгүүлчдийг татан оролцуулсан буюу гар хөлөө болгож байна. Гэхдээ үзэлцэж байгаа 14 сайт редакцынхаа хүрээнд дайтахгүй нийт сэтгүүл зүйн салбар луу дайрч, нэр хүндэд нь халдаж байгаа нь ямар учиртай юм бол?

-Улс төрийн намын дотоод үйл явдлыг сайн мэдэхгүй юм. Зүгээр ер нь чөлөөт хэвлэлийн эсрэг чиглэсэн ийм зохион байгуулалттай довтолгоо, акцууд бол олон улсын практикт ч түгээмэл технологи юм. Яагаад гэвэл, ямар нэг асуудал үйл явдлаас олон нийтийн анхаарлыг сариулахын тулд өөр нэг дуулиант үйл явдлыг зориуд гаргаж ирдэг. Энэ бол сошиал медиагийн дэлгэрэлтэй хөгжсөнтэй холбоотойгоор чөлөөт хэвлэлийн эсрэг ашигладаг технологи болоод тогтчихсон.

Чөлөөт хэвлэлийн эрэн сурвалжилж байгаа, үнэнийг хайж, илчлэн шүүмжилж байгаа үйл ажиллагаа нь тэдэнд, бүлэглэлүүдийн эрх ашигт хор хохирол учруулах нь их байдаг учраас чөлөөт хэвлэлийн хүчийг сулруулах, олон нийтийн хэвлэлд итгэх итгэлийг унагах нь эрх баригчдад ямагт ашигтай байдаг. Үүндээ сошиал орчныг ашиглах болсон. Үүнийг "Сошиалд бүслэгдсэн сэтгүүл зүй" гэж тодорхойлдог. Ийм сэдвээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг ч тэмдэглэсэн.

-Үнэндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх аюулд ороод байгаа нь үнэн. Хамгийн сүүлийн кэйс сэтгүүлч Т.Шинэбаярыг барьж хорьсон явдал чухамдаа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө амаа бариулдаг, шоронд ордог, дарангуйлал маягийн тогтолцоо үүсэх вий гэсэн айдас хүйдэс сэтгүүлчдэд бий болсон. Энэ бидний айх ёстой зүйл мөн үү?

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол ардчилсан нийгмийн хамгийн үнэтэй, хамгийн түрүүнд хамгаалж байх ёстой язгуур эрх чөлөө юм. Энэ эрх, эрх чөлөөг хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл баталгаажуулдаг. МСНЭ сэтгүүлчээ өмгөөлж, хамгаалан “Энэ эрх чөлөө чухал шүү" гэж давтаад байдгийн гол утга учир үүнд л байгаа юм. Өөрөөр хэлбэл Т.Шинэбаяр сайн, муу сэтгүүлч байх, хэн байхаас үл хамааран чухалчлан хамгаалж өмгөөлөх ёстой зүйл бол сэтгүүлчийн энэ мэргэжлийн эрх юм.

-Сэтгүүлчдийг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, ёс зүйн шүүлтүүр хийх ёстой салбарын холбоод МСНЭ болон бусад холбоод өөрсдөө ч дотооддоо зөрчилтэй, талцал хуваагдал дунд байсаар ирсэн. Тэгвэл энэ салбарыг эрүүлжүүлэх, сэтгүүлчдийг хооронд нь эвлэрүүлж, мэргэжлийн ёс зүй дээр нь нэгтгэх модератор буюу гол зангилаа нь хэн, юу байх ёстой вэ? Төрөөс хатуу хууль гаргах уу, эсвэл салбарын өөрийн зохицуулалтыг шинэ шатанд гаргах шаардлагатай юу?

-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг энэ эмзэг зүйлийг хуулийн зохицуулалтад даатгаад, "Хууль биднийг хамгаална" гэж бодох нь өрөөсгөл. Олон улсын практикт хэвлэлийн эрх чөлөөнд маш болгоомжтой ханддаг. Миний хувьд 1998 онд гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг утгаар нь баримтлаад, хэрэгжүүлээд явбал маш сайн хууль болсон гэж боддог.

Хэвлэл мэдээллийн салбарын хамгийн сонгодог зохицуулалт бол өөрийн зохицуулалт байдаг. Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлаад "Бүгдээрээ уулзаж ярилцъя" гээд байгаа энэ удаагийн чуулган өөрийн зохицуулалтын механизмыг ашиглаж, дотооддоо ойлголцох гэж буй хамгийн зөв зохистой арга хэлбэр гэж бодож байна.

МСНЭ бол сэтгүүлчдийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд нь, янз бүрийн дарамт шахалттай тулгарахад нь ард нь дээвэр нь болоод зогсож байх үүрэгтэй, үүргээ хэлбэрлэлтгүй биелүүлж ирсэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах байгууллага.

Иргэдийн зүгээс "Сэтгүүлчдээ хүмүүжүүл, эрхийг нь хас" гэж шаарддаг. Гэвч нэг онцлог бий, магадгүй тогоочдын холбоо аль нэг гишүүнийхээ тогооч хийх эрхийг хасаж хариуцлага тооцдог байж болох ч сэтгүүлчдийн байгууллагад сэтгүүлчийнхээ эрхийг хасах, хэвлэн нийтлэх эрхийг нь хөндөж шийтгэхийг олон улсад хатуу хориглодог. Учир нь сэтгүүлчийн эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахыг цензур, цагдан хяналт гэж үздэг бөгөөд үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж үздэг. Тэр байтугай хэвлэлийг бүртгэж, зөвшөөрөл олгохыг хүртэл хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна гэж үздэг юм шүү дээ.

Хэрэв сэтгүүлч хууль зөрчсөн бол тэр нь зохих хуулиараа зохицуулагдаад явах тусдаа асуудал. Түүнээс биш дээрхийн адил захиргааны аргаар хэвлэлийг боомилж болохгүй. Манайд өмнө нь хэрэглэж байсан Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалт гүтгэх нь хэвлэлүүдэд торгууль тавьдаг, эдийн засгийн цензурын шинжтэй заалт байсан учраас сэтгүүлчид тэмцэж байж өөрчилсөн.

-Өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэл яг аль зам дээр явна гэж та бодож байна вэ? Медиа тартагтаа тулаад өнөөдрийн нөхцөл үүсчихэв үү эсвэл туулах ёстой замаа туулж байна уу?

-Энэ ертөнц жамаараа л явдаг. Энэ бүхэн буруу замаар будаа тээж явааг сануулж, ухааруулах дохио тэмдэг ч байж мэднэ.

Аливаа зүйл хамгийн муу цэгтээ хүрээд сайн тал руугаа эргэдэг. Салбарынхан болон нийгэм даяараа хэвлэл ингэж, ийм байж болохгүй юм байна гэдгийг ухамсарлаж ойлгох том сургамж болох байх. Ардчилал, түүний амин сүнс болсон чөлөөт хэвлэл бол хүн төрөлхтний бүтээсэн үнэт зүйл бөгөөд технологийн өөрчлөлтийн энэ эрин цаг үед сорилт бэрхшээлийг туулаад урагшлах ёстой болохоос биш, боломжгүй байна гээд буруу замаараа яваад байж болохгүй.

-Нөгөө талаар өөрсдийгөө л буруутгаад, “зодоод” байх нь хаашаа ч юм. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг шиг ямар олон нийт байна, тийм сэтгүүл зүй, сэтгүүлчдийг бий болгож байна гэж би хувьдаа хардаг. Сайн сэтгүүл зүй, сайн сэтгүүлчийг сошиал хандалтаар хэмждэг болсон. Хандалтын төлөөх уралдаан болж хувирсан. Үүний цаана мэргэжлийн, нухацтай сэтгүүл зүй хийх боломж хомс болсон..

-Чухам үнэн л дээ. Иргэдийн мэдээллийн боловсрол хангалтгүй байгаа нь эндээс харагддаг. Уг нь худал хуурамч мэдээллийг, суртал ухуулгыг, цаанаа явцуу ашиг сонирхолтой мэдээллийг боловсролтой иргэд бол таньж мэдээд татгалздаг. Цааш нь даамжруулдаггүй. Ингэснээр тэр суваг нь олон нийтийн итгэл хүлээхгүй дампуурч үгүй болох ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Аль худал хуурмаг, зориудын зорилготой, тавилттай үзэл суртлын, хэн нэгний гар хөл болсон мэдээлэл, хэвлэлийг хүмүүс дагаж хошуурч байна. Дагаж хуйларна гэдэг чинь тэднийг санхүүжүүлж, тэжээж тэтгэж байна л гэсэн үг.

-Яг энэ зүй тогтлоор өнөөдөр мэргэжлийн сайт, редакц биш харин сошиалд "лайв" хийдэг, Хариад Уянга, Маргадизм, Мөнх-Эрдэнэ гэх мэт инфлюнсерүүд хүчтэй дуу хоолой бараг нийгмийн оюун санаа болчихлоо. Энэ байх ёстой зүйл үү?

-Дахиад л иргэдийн мэдээллийн боловсролтой холбоотой эффект. Жинхэнэ сэтгүүл зүй бол иргэдэд хэрэгтэй мэдээллийг олж ялгаад, хянаж баталгаажуулаад олон нийтэд хүргэдэг үйл явц. Чанартай мэдээлэл нь иргэдийн зөв шийдвэр гаргахад буюу амьдралын чанарт нөлөөлж байдаг чухал зүйл. Гэтэл олон нийт чанартай, мэдээллээс илүүтэй сошиалын хөөрөл, суртал ухуулгын чанаргүй мэдээллийг илүүд үзэх болсон. Манай нийгмийн хамгийн харамсалтай эмгэг энэ юм. Энэ нь нийгмийн хөгжил, төлөвшил, нийтийн сайн сайхан байдал, сэтгэл зүйн амар амгалан байдалд гээд олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж байдаг хортой зүйл.

Дэлхий дээр гар утас хэрэглэн лайв хийж, сошиалд туйлширч буй хүмүүс нийт гар утас хэрэглэгчдийн ердөө нэг хувийг л эзэлдэг гэсэн судалгаа гарсан. Бүр ердөө нэг хувь шүү. Энэ нэг хувийнхны үйлдэл, хэтэрхийллийг сэтгэцийн нэг төрлийн өвчин гэж үздэг бөгөөд худал, хуурамч мэдээллийн эх уурхай болдог аюултай. Энэ "галзуурсан нэг хувь"-ийн нөлөөнд автахгүй байх, түүний хорт нөлөөнөөс хамгаалах цорын ганц арга бол иргэдийг мэдээллийн боловсролтой болгох явдал юм.

-МСНЭ-ээс маргааш 1000 сэтгүүлчийн форум зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг хийхийн болсон ач холбогдол нь юу байх вэ?

-Хэвлэл мэдээллийн салбарт ийм хүндрэл, бэрхшээл үүссэн үед сэтгүүлчид бүгдээрээ цуглаад хэлэлцэж ярилцах, алдаагаа эргэцүүлж ярих нь энэ хямралыг давах нэг гарц байж болох юм. Сэтгүүлчид олноороо чөлөөт хэвлэлийн талаар зөв үзэл хандлагатай байж, төрөөс ангид, бие даасан, хараат бус байх ёстойг ойлгоод, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээгээ баримтлан ажиллавал энэ салбарт үүсээд байгаа болохгүй, бүтэхгүй зүйлс аяндаа үгүй болно.

Олуулаа цуглая, алдаа оноогоо ярилцъя, асуудлаа хэлэлцэж шийдэл хайя гэдэг нь цаг үеэ олсон зөв ажил. Энэ бол бидний гэр орон учраас өөрсдөө л анзаарч, өөрсдөө цэвэрлэж, тохинуулж авах ёстой биздээ. Түүнээс хөндлөнгийн хэн нэгэн ирж цэгцэлж, цэвэрлэж өгөх нь юу л бол.

-"Сэтгүүл зүй болон хэвлэл мэдээллийн байгууллага бол шүүх шиг шүүн таслах байгууллага биш, бас Улаан загалмай шиг халамжийн байгууллага ч байх ёсгүй" гэж та хэлж байв. Гэвч өнөөдөр манай сайтууд, сошиал медиагаар дүүрэн буруутан хайж ялладаг, эсвэл хандив тусламж гуйсан контентууд давамгайлж байна. Энэ бүхэн чөлөөт хэвлэлийн институцийг хэрхэн сульдуулж, хордуулж байна вэ?

-Энэ байдал чөлөөт хэвлэл гэдэг институцийг маш их сульдуулж, нийгэмд нэр хүнд, үнэ цэнийг нь унагаж байна. Мэргэжлийн сэтгүүл зүй бодит мэдээллийг хүргэх, олон нийтийн чөлөөт үзэл бодлын индэр болох,үйл явдлыг тайлбарлаж, анализ дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Түүнээс биш иргэн Доржийг буруу юу, зөв үү, сайн уу, муу юу гэж яллах, дүгнэх нь сэтгүүл зүйн болоод сэтгүүлчийн үүрэг биш. Цаана нь нийгмийн тэрхүү үүргийг гүйцэтгэдэг тусдаа институциуд ажиллаж байгаа шүү дээ.

Хэвлэл мэдээлэл өөрөө нийгмийн өмнө гүйцэтгэх тодорхой үүрэгтэй. Тэр нь ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал. Жишээ нь, Улаанбаатар хотын иргэд хотын захиргаан дээр очоод "Миний төлсөн татварыг зөв зүйлд зарж байна уу, буруу зүйлд зарж байна уу" гээд бүгдээрээ танилцаад, хянаад явах боломжгүй. Тэрхүү хяналтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдийн өмнөөс хэрэгжүүлдэг. Гэтэл энэ маш нарийн, маш чухал үүрэг хариуцлагаа орхиод, хэвлэлийг зөвхөн драматик тоглолтын тайз, халамжийн талбар шиг болгож болохгүй шүү дээ. Энэ бүхэн сэтгүүл зүйг институцийнх нь хувьд хүчийг нь тарамдуулж байгаад харамсдаг.

- Ахиад л бас бидний асуудал. Та нэгэнтээ “Аманд микрофон тулгаж элдэж хөөх нь давагдашгүй хүчин зүйл юм” хэмээн хошигнож байсан. Гэтэл ялангуяа ордонд микрофон аманд тулгаж элдэж хөөдөг үзэгдэл сүүлийн 5–6 жилд гаарсан. Ийм үйлдэл хийж байгаа сэтгүүлчдээ бараг "Сайн сэтгүүлч” гэж үзэх хандлага ч бий болсон...

-Энэ бол муу зүйл. Манай залуу үеийнхэн яваандаа засарч сайжрах байлгүй дээ. "Би сэтгүүлч учраас хэнээс ч ,юуг ч хамаагүй асуух ёстой, тэр заавал хариулах л ёстой, яахаараа хариулдаггүй юм" гэсэн тэнэгдүү, муйхар ойлголт, хандлага түгээмэл байна.

Нэг зүйлийг ойлгох ёстой. Сэтгүүлч асуулт тавьж байгаа ч тухайн хүн, хэн ч бай хариулах үүргээс гадна хариулахгүй байх эрх бас бий. Хэрэв албан тушаалтан олон нийтэд мэдээлэх ёстой чухал асуултад хариулахгүй байгаа бол сэтгүүлч хариулахгүй байна гэдгийг л олон нийтэд үзүүлж, мэдээлэх л ёстой юм. Үүнийг харсан олон нийт өөрсдөө дүгнэлтээ хийг. Түүнээс биш араас нь хөөж, тулгаж, микрофоноор хүчирхийлэх нь хэвлэлийн ёс зүйд нийцэхгүй.

- Салбарын асуудал явсаар эцэстээ, сургуулийн чанар муу байгаа учраас өнөөгийн ёс зүйгүй, цадиггүй сэтгүүл зүй, сэтгүүлчид бий болсон гэх хүн ч байна. Санал нийлэх үү?

- Яахав, сэтгүүлч ямар түвшинд ажиллах, ёс зүйтэй байх эсэх нь төгссөн сургууль, мэргэжлийн багш нараас шалтгаалнаа. Бас хэдий сургуульд сайтар бэлтгэгдээд гарсан ч практик дээр буруу хандлага, арга барилтай редакцийн орчинд, эрхлэгч, эздийн доор ажиллах болдог. Ингээд залуу сэтгүүлчид, буруу хандлага руу татагдан орох ч нь түгээмэл байна.

Өөр нэг зүйл, манайд төдийгүй дэлхий нийтэд ч адил, сэтгүүлчээр ажиллаж байгаа хүмүүсийн 50 гаруй хувь нь өөр мэргэжлийн хүмүүс байдаг нь их нөлөөлдгийг байгааг хүмүүс тэр бүр ойлгохгүйгээсээ их шүүмжилдэг.

Нөгөө талаас өөр бусад мэргэжлийнхэнд сэтгүүл зүйн салбар амар хялбар бизнес гэж харагддаг болсон. Өөрөөр хэлбэл олиггүй аргаар, шантааж сүрдүүлэг хийж байгаад амархан мөнгө олж болох нь гэж харагсад энэ салбар руу ихээр орж ирж байна. Энэ бол нууц биш. Тиймээс дан ганц сургуулийг буруутгах боломжгүй, хувь хүн, мэргэжлийн бус оролцогчдоос ч ихээхэн шалтгаалдаг.

-Нээрээ ч мэргэжлийн бус хүмүүс сэтгүүл зүйн салбарт орж ирж “самарсан” жишээ их. Нөгөө талаар авьяас, чадваргүй хүмүүс сэтгүүл зүйн салбарт муугийн жишиг ихээр тогтоосон гэж боддог. Авьяасгүйнүүд нь пиарчин болчихсон тууж яваа жишээ ч олона. Шалтгаан нь бичиж туурвиж, мэргэжлийн ажил хийж мөнгө олж чадахгүй учраас бүхий л цаг зав, авьяас чадвараа менежмент нэрээр шантааж, олиггүй муу бүхэнд зарцуулдгаас буруу голдирол үүсээд байх шиг?

-Яг үнэнийг хэлэхэд хувь хүний муу чанар ихтэй нөхдүүд салбар руу шууд харайгаад ороод ирдэг тал бий. Сэтгүүл зүйн салбар өөрөө их өвөрмөц салбар учраас бусад мэргэжлийн хүмүүс орж ирэхийг зөвшөөрдөг. Харин "Чи сэтгүүлчийн дипломтой эсэх нь хамаагүй, манай хэрэглэгчдэд нийлүүлэх чиний бүтээгдэхүүн сэтгүүл зүйн стандарт, шаардлагыг хангасан байх ёстой" гэдэг ганцхан шаардлага тавьдаг. Гэтэл мэргэжлийн бус хүмүүс дээр энэ стандарт хамгийн их алдагддаг. Цэвэр сэтгүүл зүйн мэдээ, мэдээлэл хэзээ ч төлбөртэй байх ёсгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгохгүй, мэдээг мөнгө гэж харж, ханддаг нь мэргэжлийн бус байгаагийн хамгийн том илрэл юм. Уг нь сэтгүүл зүйн төлбөртэй агуулга гэдэг их тодорхой зүйл, өөрийн дүрэм журамтай.

-Хиймэл оюун ухаан, AI бол сэтгүүлчийн туслах болохоос жинхэнэ сэтгүүлчийн ажлын байрыг булааж чадахгүй-

-Өнөөдөр редакциудын санхүүгийн байдал, хүний нөөц маш их суларч байна, багш аа. Өмнө нь нэг редакцид багадаа 10–20 хүн ажилладаг байсан бол одоо ихдээ 5–6 хүн ажиллаж байна. Үүнээс олуулаа болоод ирэхээр цалин цаваг, санхүүгийн асуудал хүндэрдэг. Ингээд санхүүгээ авч үлдэхийн тулд том редакциуд хүссэн, хүсээгүй ямар нэгэн улс төрийн хүчний ивээл, хараат байдалд орох байдал руу явах нь бий. Энэ асуудалд бид яаж хандах ёстой юм бэ?

-Технологийн нөлөө нэг талаар энэ салбарт сорилт болж байгаа ч нөгөө талаар олон боломжийг бас нээж өгч байгаа. Өнөөдөр нэг редакци маш цомхноор орчин үеийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг чөлөөтэй, хөнгөн хийгээд явах боломжтой болсон шүү дээ.

Хэрэв нүсэр редакц авч явна гэвэл чиний хэлдэгчлэн санхүүгийн дарамт үүсэж, тэр хэрээрээ хараат байдалд орох эрсдэл нэмэгдэнэ. Технологийн хөгжлийн гайхамшиг нь сэтгүүл зүйн гүйцэтгэх бүтцийг ийн цомхон, бие даасан байх боломжийг олгож байгаад оршиж байгаа юм. Үүнийг зөв ашиглах ёстой.

-Технологи гэснээс хиймэл оюун ухаан маш хурдтай хөгжиж, мэдээний орчуулга, суурь бичвэрүүдийг хэдхэн секундэд хийдэг боллоо. Ирэх 5-10 жилд AI-д ажлын байраа алдахгүй үлдэх жинхэнэ сэтгүүлчийн гол чадвар юу байх вэ?

-Хиймэл оюун ухаан, AI бол сэтгүүлчийн туслах юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийн үйл ажиллагаанд туслах үүрэг л гүйцэтгэнэ үү гэхээс жинхэнэ сэтгүүлчийн ажлын байрыг булааж чадахгүй. Боломжгүй. Өмнө нь нэг нийтлэл, өгүүлэл бичих гэж маш их дата, судалгаа хайж, цаг үрдэг байсан бол одоо AI туслах энэ ажлыг бараг бүгдийг хийж хөнгөвчилж чадна. Тоо тооцоо, статистик боловсруулахад AI маш сайн тусална.

Гэхдээ сэтгүүл зүйн үндсэн мөн чанар болох галзуу сайн өнцөг, санаа, амьд торгон мэдрэмжийг AI ч гаргаж чадахгүй. Жишээлбэл, Улаанбаатарын утааг хэрхэн шийдэх вэ гэсэн асуудлыг хөндөе. Сэтгүүлчийн өнцөг, санаа нь утаагүй гал гэж үлгэрт л байдаг. “Утаагүй улаан галаа түлж, уургүй улаан цайгаа чанах” бол зөвхөн үлгэрт л гардаг. Яндан байгаа цагт утаа байна. Тэгэхээр... гэх ийм торгон өнцгийг, Монгол хүний ахуй, сэтгэлгээнээс ургасан энэ логикийг хиймэл оюун ухаан олж, гаргаж чадахгүй. Сэтгүүлч энэ санаа өнцгөө бариад, цаад тоо баримт, шийдлүүдийг нь AI-аар олуулаад нийтлэлээ бичиж болно гэсэн санаа. Сэтгүүл зүй бол бүтээлч үйл ажиллагааны маш өвөрмөц салбар учраас хүний хүчин зүйл орон зай хэвээр үлдэнэ.

-Та 2010-аад оны үе бол чөлөөт хэвлэлийн гэрэлт зурвас үе гэсэн. Гэтэл буцаад бид яагаад ийм уналтад орчхов оо? Санхүүгийн бэрхшээлээс болов уу, эсвэл?

-Нийгмийн ерөнхий хандлага буюу талцал хуваагдалтай шууд холбоотой үйл явц. Мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг бол угтаа, зүйрлэвэл "харуулын цэрэг" шиг л байх ёстой юм. Хил дээр зогсож байгаа харуулын цэрэг цаана нь бух мөргөлдөж байвал очиж сонирхоод, хүмүүс хэрэлдэж байвал дунд нь гүйж ороод хамт хэрэлдээд, найрлаж байвал ороод дуулж хуурдаад байж болохгүй биз дээ. Сэтгүүлч хүн үйл явдлыг зөвхөн хөндлөнгийн байр сууринаас ажиглаж, ажлаа хийх ёстой.

Гэтэл манай хэвлэлүүд энэ зарчмаа алдаж, найранд ч очдог, хэрүүлийн дунд ч гүйж орж тэмцэгч, талцагчид ч болчихдог. Ийм мэргэжлийн бус байдал, дүрэмгүй тоглолт сэтгүүл зүйн уналтын шалтгаан юм.

-Лайвчин, инфлюнсерүүдээс ялгарч, орон зайгаа алдахгүй байхын тулд бид яах ёстой вэ?

-Хоёр алхам бий. Нэгдүгээрт, өөрсдөө мэргэжлийн байж, сэтгүүл зүйн стандарт хэм хэмжээгээ чанд баримтлах. Хоёрдугаарт, мэдээллийн боловсролтой иргэдийг төлөвшүүлэх.

-Ч.Лодойсамбуу гишүүний санаачлагаар төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямар нэгэн гэрээ хийхгүй, санхүүжүүлэхгүй байх ёстой гэсэн агуулга бүхий хуулийн төсөл яригдаж байна. Та энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө талд төрийн байгууллагууд дэргэдээ нүсэр том хэвлэлийн баг, бүтэц ажиллуулах болсон. Энэ зүй ёсны асуудал уу? Ер нь төрийн чухал шийдвэр, мэдээллийг олон нийтэд хэн, хэрхэн хүргэх ёстой юм бэ?

-Зарчмын хувьд тийм. Санхүүгийн хувьд төрөөс хараат, хамааралтай болгож буй энэ байдлыг хянах нь чөлөөт хэвлэлийн хувьд зарим хүний бодоод байгаа шиг хорлол биш харин аврал болох юм.

Нөгөө талд Төрийн байгууллагууд дэргэдээ маш том медиа баг ажиллуулах болсон нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Төр өөрөө хэвлэл, хэвлэлийн ийм бүтэц ажиллуулж хууль зөрчихөө болих хэрэгтэй.

-Сүүлчийн асуулт. Бид Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз гэдэг нэг хэрүүлийн алимтай. Нэг хэсэг нь за бараг дийлэнх нь ийм телевиз байх ёсгүй, сар бүр 1200 төгрөг төлмөөргүй байна гэдэг. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?

-Олон улс оронд олон нийтийн буюу Public статустай радио, телевиз байдаг, байх ч ёстой юм. Энэ бол тухайн улс орны түүх, өв соёл, оюун санаа, уламжлал, үндэсний дархлааг тээж, хадгалж байдаг чухал хэрэгсэл. Арилжааны телевизүүдэд багтдаггүй тэрхүү үндэсний онцлог, соёлын өвийн агуулга, их үнэ цэнийг олон нийтийн телевиз л залгуулж явдаг. Харин олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийн механизмыг хэрхэн сайжруулах вэ, улс төрийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэг нь хэлэлцэх, шүүмжлэх өнцөг мөн л дөө. Гэхдээ институцийнхээ хувьд үндэсний олон нийтийн радио, телевиз оршин байх ёстой.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

М.Уранчимэг

Эх сурвалж: reelnews.mn

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Зүрх шилжүүлэн суулгах, бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

Зүрх шилжүүлэн суулгах, бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, хотын хөгжил, амьдрах орчны асуудлаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, хотын хөгжил, амьдрах орчны асуудлаар санал солилцлоо

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв

Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс олгож эхэлнэ

Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс олгож эхэлнэ

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа

Найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна

Улсын хэмжээнд ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ