2026 оны 10 сарын 30-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд МСНЭ-ээс зохион байгуулсан “Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа" 1000 сэтгүүлийн форумд оролцогчдын зүгээс нийгэмд болон сэтгүүл зүйн салбарт болон хандан ТУНХАГ бичгийг батлан гаргасан. Тунхаг бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА” СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ФОРУМЫН ТУНХАГ
Чөлөөт хэвлэл нь ардчилсан нийгмийн үнэт зүйл, иргэдийн мэдэх эрхийн илэрхийлэл, шударга ёс, ил тод байдал, нийгмийн хариуцлагын чухал баталгаа юм.
Сэтгүүлчийн мэргэжлийн эрх, аюулгүй байдал, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн санхүүгийн тогтвортой байдал, ёс зүй, олон нийтийн итгэлцэлтэй холбоотой асуудлууд салбарын хөгжилд томоохон сорилт болж байна.
Иймд “Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумд оролцогчид бид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг ил тод, хараат бусаар явуулах, олон нийтийн итгэлийг сэргээх зорилгын хүрээнд дараах зарчмуудыг ТУНХАГЛАЖ байна.
Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал
- Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн хамгаалж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд зүй бусаар саад учруулах, хуулиар далайлгах аливаа үйлдлийг эсэргүүцнэ.
- Сэтгүүлчийн мэргэжлийн эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалалт үзүүлэхийг уриална.
- Нийтийн албан тушаалтан олон нийтийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэж, мэдээллийг нээлттэй, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зарчмыг баримтлахыг шаардана.
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасан “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагад уриалж, байгуулсан бүтцээ татан буулгахыг шаардана.
- Сэтгүүлчийн эрх зөрчигдсөн тохиолдолд олон улсын байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авч ажиллахыг эрхэмлэнэ.
Мэргэжлийн ёс зүй, редакцын хараат бус байдал
- Редакц сэтгүүлч бүр мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, баримт болон үзэл бодлыг ялгах, хүний эрх, нэр төр, хувийн нууцыг хүндэтгэх зарчмыг баримтална.
- Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгчдийг сэтгүүлчийн мэргэжлийн эрх, редакцийн хараат бус байдал, чөлөөт хэвлэлийн нэр хүндийг эрхэмлэн ёс зүй, хариуцлагатай ажиллахыг шаардана.
- Редакци худал, ташаа мэдээлэл гаргасан тохиолдолд залруулга гаргах мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлнэ.
- Редакцын бодлого, нийтлэлийн агуулгыг ашиг сонирхлын аливаа нөлөөллөөс ангид байлгана.
- Сэтгүүлзүйн салбарт ажиллагсдыг мэргэжлийн ёс зүй, дүрэм, хэм хэмжээ, стандартыг чанд мөрдөн ажиллахыг шаардана.
- Чөлөөт хэвлэл нь ардчилал, шударга ёсыг хамгаалах, иргэний мэдэх эрхийг хангах, хэвлэлд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үндэс болохыг тунхаглаж байна.
- Хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах техникийн дэд бүтэц, технологийн хязгаарлалт хийхийг эсэргүүцнэ.
- Сэтгүүлзүйн хүний нөөцийг бэхжүүлэх, ёсзүйн өндөр хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч бэлтгэх сургалтын хөтөлбөрт тодорхой санал хүргэх байдлаар Их дээд сургуулиудтай хамтран ажиллана.
Санхүүгийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хариуцлага
- Хэвлэл мэдээлийн байгууллагын төрийн байгууллагатай хийсэн аливаа гэрээ хэлцэл, хандив дэмжлэгийн мэдээллээ ил тод байлгаж, шударга өрсөлдөөн, тэгш боломжийг хангана.
- Аливаа хамтын ажиллагааны гэрээнд улс төрийн болон субъектив бусад эрх ашгаа тулгахгүй байхыг шаардана.
- Санхүүжүүлэгчийн нөлөөллөөс редакцын хараат бус байдлыг хамгаалж, төлбөртэй нийтлэл, контент, сурталчилгааны мэдээллийг уншигч, үзэгчид ялган танихуйц тэмдэглэгээтэй байна.
- Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын санхүүгийн чадавхийг сайжруулахад чиглэсэн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийн заалтыг мөрдөж ажиллахыг дэмжинэ.
- Хэвлэмэл сонин, сэтгүүлийн захиалгын үйл ажиллагааг бүх талаар дэмжих, төрийн хэмнэлтийн горимд иргэний мэдэх эрхийн үндэс болсон тогтмол хэвлэл захиалгын зардлыг тусгахгүй байхыг шаардана.
- Чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулах зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтийн шинэ загвар, олон эх үүсвэрийг бүрдүүлэхийн төлөө байна.
Хууль бус ашиг хонжоо харсан үйлдлийг таслан зогсоох
- Редакци, сэтгүүлчид нийтэлсэн, эс нийтэлснийхээ төлөө шан харамж, эд хөрөнгө авах, ашиг хонжоо харах, шаардахыг эрс эсэргүүцнэ.
- Сэтгүүлчийн шүүмжлэх, эрэн сурвалжлах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс аливаа хэлбэрээр хязгаарлах, дарамт үзүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын зарчмыг баримталж ажиллахыг уриална.
Мэдээлэл харилцааны шинэ технологи, хэрэглээ
- Баримт шалгах, эх сурвалжийг нягтлах, мэдээллийн боловсролыг дээшлүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжинэ
- Хиймэл оюун ухаан болон шинэ технологийг ашиглахдаа хүний эрх, ёс зүй, баримт, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж ажиллахыг эрхэмлэнэ.
Чөлөөт хэвлэл нь ардчиллыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, иргэний мэдэх эрхийг хангах үндэс болохыг ТУНХАГЛАЖ байна.
“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА” СЭТГҮҮЛЧДИЙН ФОРУМД ОРОЛЦОГЧИД
2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!