Өнөөдөр буюу 2023.08.14-ний өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Уг гурван сэжигтэй тохиолдол Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Одоогоор оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж буй аж.
Халдвар дамжих зам:
Тарваган тахал нь дараах замаар хүнд халдварлана.
- Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс салстын шархаар, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах үед
- Тарваганы бүүрэгт хазуулах үед
- Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн, махыг хүнсэнд хэрэглэх явцад
- Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварлах
Эмнэлзүйн шинж тэмдэг:
Нууц үе 2-3 хоног.
Булчирхайн хэлбэр: Халуурах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох, толгой өвдөх, чичрэх, маш их ядарч сулдах
Уушгины хэлбэр: Өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах
Гэдэсний хэлбэр: Маш өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжиж, гүйлгэх
Эх сурвалж: Ikon.mn