Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2026.10.21/ хуралдаан 12 цаг 54 минутад 10 гишүүний 6 нь буюу ирц 60 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.
Гишүүдийн ирцийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох байсан ч Л.Энх-Амгалан сайд гадаадад албан томилолттой яваа тул асуудлыг долоо хоногоор хойшлуулах албан бичиг ирүүлснийг Д.Цогтбаатар дарга уншиж, танилцуулав.

Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын 2027 оны төсвийн бодлогын хүрээнд цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц болон авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд төсвийн нөөцийг төвлөрүүлнэ гэв. Мөн дээрх бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн нөөцийг зайлшгүй шаардлагатай, бодит үр өгөөжтэй арга хэмжээнд төвлөрүүлж, үр ашиг багатай зардлыг хязгаарлах, хэрэгжиж байгаа бодлого, хөтөлбөрийн үр дүн өгөөжийг сайжруулах зарчим баримталж, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлсэн гээд, 2027 оны төсөвт бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулсан.

Тухайлбал, иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах хүрээнд сарын 792.0 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нийт 1.0 их наяд төгрөгөөр бууруулна. Мөн 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулан нийт 887.1 тэрбум төгрөгийг төсөвт нэмэлтээр тусгасныг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн эмийн зардлын ачааллыг бууруулж, түгээмэл өвчний эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх, тус салбарт нийт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 165 төсөл хэрэгжүүлж, 2027 онд 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж. “Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд нийт 3.0 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 356 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна.

Сангийн сайд танилцуулгадаа, Засгийн газрын өрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлэх, өрийн баталгаа, орон нутгийн үнэт цаасыг стратегийн хязгаарт нийцүүлэн дэд бүтэц, эрчим хүчний томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглана. Ингэснээр Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026 онд 44.5, 2027 онд 49.6 хувьтай тэнцэхээр байгаа нь хуульд заасан өрийн тусгай шаардлага болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан хязгаарыг хангаж байна гэв. Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3.0 их наяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, үүнээс 2.0 их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан хүндрэлийг үе шаттай шийдвэрлэхэд чиглүүлж, үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлнэ хэмээв.
Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжилт, хэрэгцээ шаардлага, ашиглалт, хүчин чадал, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн эрэмбэлнэ. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10.0 их наяд төгрөг буюу гадаад зээл, тусламжийн ашиглалтын хүрээнд 4.2 их наяд төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.8 их наяд төгрөг, Оюу толгойн ногдол ашгийн хүрээнд 2.0 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөснийг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэмжийг нэмэх зэргээр тодорхой зарцуулалт хийснийг дурдаад, энэ нь 2027 оны төсөвт нөлөөлөл үзүүлэх эсэхийг тодруулав. Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалангаас 2026 оны төсвийн тодотголын үеэр халамжийн дөрвөн тэтгэмжийг нэмэх санал гаргасан тул зардал танаж, уг асуудлыг шийдвэрлэснийг онцлов. Улмаар 2027 оны төсөвт орж ирж буй нөлөөлөл нь 107 тэрбум төгрөг байгаа тул гишүүд хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө танаж, өөр асуудал шийдэхээс илүүтэй халамжийн тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг эрэмбийн эхэнд тавьж үзэхийг хүсэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Монголбанкны мөнгөний нийлүүлэлт хэд байгаа, ирэх онд хэдий хэрийн мөнгө зах зээлд нэвтрүүлэх, улмаар тус банкны хуримтлагдсан 7 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авах эсэхийг тодруулав. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар, 2012 оноос хойш тус банкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг байгааг дурдаад, хуулийн хүрээнд Төв банкны алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар хаана гэсэн зохицуулалт бий. Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-д алдагдлыг 2030 он хүртэл шат дараатайгаар бууруулахаар тусгасан. Энэхүү тогтоолын төсөл батлагдвал төлөвлөсөн хуваарийн дагуу Монголбанк алдагдлаа багасгана гэв. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлтийн хувьд сүүлийн саруудад 25 хувийн өсөлттэй байгаа бөгөөд 2027 оны хувьд мөнгөний нийлүүлэлтийг сааруулж, 15 хувьтай байлгах төлөвлөгөөтэй байна гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг 34, зарлагыг 36 их наяд төгрөгөөр тооцон баталсан байтал хэдхэн сарын дараа төсвийн орлогыг 41, зарлагыг 43 их наяд төгрөгөөр батлахаар төсөл оруулж ирж буйг дурдаад, энэ асуудалд салбарын яамдын байр суурийг тодруулав.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариултдаа, макро эдийн засгийн төлөвлөлт, голлох үзүүлэлт дээр дүн шинжилгээ хийдэг мэргэжлийн экспертүүд, ОУВС-гаас Монгол Улс шиг хөгжиж буй орнууд олон улсын геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдалд жилд хоёр удаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх боломжтой гэсэн судалгааг гаргасан байдгийг онцлов. Олон улсын геополитикийн нөхцөл байдал, гадаад орчны эрсдэл Монгол Улсад нэмэгдэж байгаа тул Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс холбогдох тооцоо судалгаа, хувилбарыг гаргаад тухайн үед ярьж, танилцуулж байсан гэх тайлбарыг өглөө.

Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж, төсвийн зарлага 7 их наяд төгрөгөөр, орлого 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь ногдол ашигтай холбоотой. Төсвийн зарлага нэмэгдэж байгаа гол шалтгаан нь хуульчлагдсан асуудлуудтай холбоотой гэж байлаа.
Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нараас гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй. Тодруулбал, төсвийн тооцооллын хавсралт 14-т тусгагдсан нийт төсвийн ерөнхийлөн захирагчдын байрны түрээсийн зардлыг 36,105.0 сая төгрөгөөр, тээвэр, шатахууны зардлыг 11,204.9 сая төгрөгөөр, дотоод албан томилолт 5,246.5 сая төгрөгөөр, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 6,695.3 сая төгрөгөөр, мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,394.9 сая төгрөгөөр бууруулах агуулгатай саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!