Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзаж, нийслэл, дүүрэгт хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын явц болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Б.Хуягбаатар, Д.Ундармаа, Г.Батбаяр нар нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын удирдлага, албан тушаалтнуудын хамт оролцож, иргэд тулгамдаж буй асуудлынхаа талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Иргэд өдөр тутмын амьдралд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зам, гэрэлтүүлэг, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
Түүнчлэн олон жил ашигласан орон сууцны цахилгаан шат, дээвэр, гадна фасадыг засварлаж, шинэчлэх, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай байгуулах, ахмад настны хөгжлийн төвийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежмент, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтыг сайжруулах, камерын хяналтыг нэмэгдүүлэх зэрэг санал гаргасан юм.
Тухайлбал, Баянхошуу орчмын иргэд газар чөлөөлөлт, халиа дошин, бохир ус, зам талбайн асуудлыг шийдвэрлэх, Малчны 1, 2 дугаар гудамжны үлдсэн 67 айлыг нүүлгэн шилжүүлэх хүсэлт тавьсан бол Драгон орчмын иргэд цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлэх, бохир усны асуудлыг цэгцлэх, авто замын нэвтрэх чадвар, орц, гарцын хүртээмжийг сайжруулахыг хүсэв.
Мөн сайжруулсан шахмал түлшний чанар, борлуулалтын цэгийн байршил, хүргэлтийн зардал, шөнийн тарифын хөнгөлөлт, автобусны чиглэл, хүртээмж зэрэг өвлийн улиралд иргэдэд тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм. Үүнээс гадна аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд үзүүлэх боловсрол, хөгжлийн үйлчилгээг нэмэгдүүлэх, хэл заслын багшийн хүртээмжийг сайжруулах, ахмад настнуудад үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх санал илэрхийллээ.
Иргэдийн зүгээс шинэ бүтээн байгуулалт хийхээс гадна өмнө нь төлөвлөсөн ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх, газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг гэрээнд заасан хугацаанд олгох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.
НИТХ-ын төлөөлөгчид иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлэх боломж, арга замыг тодорхойлоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлж, 2027 оны нийслэл, дүүргийн төсөв болон хөгжлийн төлөвлөлтөд тусгуулахад төвлөрнө гэлээ. УИХ-аас баталсан 2027 оны төсөвт Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 97 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан байна.
Цаашид иргэдийн санал, хүсэлтийг ажил хэрэг болгох, төлөвлөсөн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийг хангах нь чухал байгааг төлөөлөгчид тэмдэглэлээ.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!