Хүүхэд хамгаалал бол mөрийн бүх шатны байгууллага болоод хувь хүн бүрт хамаатай асуудал билээ. Тэгвэл нийслэлийн удирдлагын шинэ баг хүүхдэд ээлтэй хот бий болгох чиглэлд ямар бодлого төлөвлөлтөөр ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа.
-Таны хувьд Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдоод удаагүй байна. Гэхдээ олон нийтийн дунд нийслэл дээр бүрдсэн шинэ удирдлагын баг ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ гэдэгт хүлээлттэй байгаа. Тухайлбал, өөрийн тань хувьд ажлаа авснаас хойш хариуцсан салбарын чиглэлд ямар ажлууд дээр төвлөрч байна вэ?
-Орлогчоор томилогдоод дөрвөн долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Миний хувьд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилогдсон. Одоогоор бид ямар бүтцээр, хэрхэн чиг үүргээ тодорхойлж ажиллах вэ гэдэгт Ажлын хэсэг гаргаж чиг үүргийн дүн шинжилгээ хийж байгаа. Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг хариуцаж ажиллаж буй орлогчийн хувьд хэд хэдэн ажлууд дээр төвлөрч ажиллаж байна. Нийгмийн салбарт тулгамдаж буй гол асуудлын нэг нь хүүхэд хамгаалал, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байна. Үүнд хэд хэдэн арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ онд болон ирэх онд үргэлжлүүлэн хийхээр байгаа. Нэн тэргүүнд хүүхдийн аюулгүй, эрсдэлгүй орчинг бий болгох асуудлыг шийдвэрлэх шаардлага байна. Тэр тусмаа сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс сургууль орчмын бүх гарцыг тодотгож, лед гэрлэн гарцыг суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажил ирэх онд ч үргэлжлэх юм. Мөн түүнчлэн гэр хорооллын бүсэд дэд бүтцийн хүртээмжийн асуудал маш чухал байдаг учраас гэрэлтүүлгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас гаргуулан авсан гэр хорооллын бүсэд зам тээврийн осол ихээр бүртгэгддэг хар цэгийн судалгаанд үндэслэн гэрлийн шонгуудыг нэмэх, лед гэрлэн гарцыг хийх ажлыг зохион байгуулж байна.
Хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар хүүхэд багачуудын өөрсдийнх нь дуу хоолойг сонсож ажиллах үүднээс ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлгийг хийсэн. Хүүхдүүдэд хот ямар байвал та бүхэнд ээлтэй байж чадах вэ асуулгыг тавихад дугуйн зам, спорт заалны хүртээмжийн асуудлыг ярьж байсан. Миний хувьд тухайн хүүхдүүдийн ярианаас анхаарах ёстой нэг зүйл байна гэж харсан. Хүүхдүүдээс гарсан арван саналын гурав нь сэтгэлзүйн боловсролтой холбоотой асуудал байсан. Хүүхдүүд сургууль бүрт мэргэшсэн сэтгэлзүйч ажиллуулмаар байна, тулгамдаж буй асуудлуудаа өөр хоорондоо ярилцдаг сэтгэлзүйн клубтэй болмоор байна зэрэг саналыг дэвшүүлж байсан юм. НҮБ, ЮНИСЕФ зэрэг байгууллагын судалгаанаас харахад манай хүүхэд залуусын дунд сэтгэлзүйн асуудлууд хурцаар тавигддаг. Амиа хорлолтын тоон судалгаан дээр ч сэтгэл эмзэглэм дүн мэдээллүүд байдаг. Тиймээс хүүхэд хамгааллын асуудалд дан ганц нүдэнд харагдах дэд бүтцийн асуудал гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдийнхээ дотоод сэтгэл рүү орсон асуудлыг ярих нь зөв гэж харсан. Тиймээс ЮНИСЕФ-тэй хамтраад сэтгэлзүйчдийг чадавхжуулах, сэтгэлзүйчийн өрөөг бэлтгэх зэрэг энэ чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Хүйтний улирал эхэлсэн энэ цаг үед агаарын бохирдлын асуудал олон нийтийн санааг зовоосон асуудлын нэг байдаг. Үүний хохирогч нь бидний үр хүүхэд. Эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Тэгэхээр утааны асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Яах аргагүй агаар орчны бохирдлын асуудал иргэн бүрийн санаагаа чилээдэг асуудлын нэг. Энэ бол хуримтлагдсан асуудал. Магадгүй нэг жилийн дотор ч юмуу үүсэж бий болсон асуудал биш шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хот төлөвлөлтийн алдаанаас шалтгаалсан зүйл. Манай нийслэл хотын хүн амын тоо 1992 оноос хойш гурав дахин өссөн байна. Хүн амын тоо маш хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа. Энэ тэлэлтээ дагаад дэд бүтэц, эдийн засаг цуг өсөж чадаагүй нь бидний яриад байгаа утаа, агаар орчны бохирдлын асуудлын уг үндэс болсон. Бид өнөөг хүртэл гарч буй учир шалтгаантай нь л тэмцэж ирсэн. Үүнийг манай удирдлагын баг үндэс сууриар нь шийдвэрлэх ёстой гэж үзсэн учраас тодорхой шийдлүүдийг гаргаад явж байгаа. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлаа дэс дараатайгаар буюу ирэх жил болон дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд гэдгээр ялган харж байна. Яг одоо Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн бариад, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ер нь агаар орчны бохирдлын асуудалтай тэмцэхэд яндангийн тоог бууруулах, нүүрсээсээ татгалзах, нүхэн жорлонг үгүй болгох буюу ерөнхийдөө орон сууцжуулах асуудал маш чухал. Орон сууцжуулалтын дэд бүтцийн асуудал Сэлбэ, Баянхошуу дэд төвд шийдэгдээд явж байгаа. Тус хууль батлагдсаны дараагаар Сэлбэ дэд төвд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, санхүүжилтээ босгож хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжид 12 мянган айл өрхийг орон сууцжуулах төслийг эхлүүлж байгаа. Энэ бол бидний дэвшүүлсэн урт хугацааны шийдлийн нэг хэсэг нь юм. Тэгвэл бид дунд хугацаандаа юу хийх вэ. Магадгүй тавхан жилийн дотор гэр хорооллоо бүгдийг нь орон сууцжуулж чадахгүй. Үүнийг бид бодитоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Урт хугацааны ажил. Өмнө хэлсэнчлэн нүүрс, яндангаасаа татгалзаж байж агаарын бохирдол түүнээс гарч буй эрсдэлүүдээс ангижрах боломжтой болно. Дэлхий дахинд олон ч технологи гарч ирж байна.
Бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон хувийн хэвшлийн технологийн компаниудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчийг нарны эх үүсвэрээр шийдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн шатанд үргэлжилж байна. Үүнийг бид нэг удаадаа шууд хийчихгүй. Эхний ээлжид 50 орчим айл өрхөд туршиж үзнэ. Шууд л 200 мянган айл өрхөд турших нь учир дутагдалтай. Тиймээс эхний ээлжинд тухайн өрхүүдэд нарны панель суулгаж дулаан болон цахилгааны эрчим хүчний асуудлыг шийднэ. Олон улсад карбон кредит гэх систем байдаг. Энэ системээр нэвтэрч тухайн айл жилд шахмал түлшний хэрэглээгээ больж цэвэр нарны эрчим хүчийг ашигласнаар энэ хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулахаас зайлсхийсэн гэдгээ кредит болгон дэлхийн зах зээлд зарах юм. Өнгөрсөн жил таван айлд туршсан. Тухайн айл нэг жилийн дотор 550 ам.долларын карбон кредитын орлого олсон байна. Тэгэхээр энэхүү төслийг ирэх жил хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Дунд хугацааны бодлого бид хэрхэн хүний эрүүл мэндэд хор багатай, цэвэр эрчим хүч рүү яаж боломжит байдлаар шилжиж болох вэ гэдэгт чиглэнэ. Улаанбаатар хотын хувьд эрчим хүчний эх үүсвэр хангалттай хэмжээнд биш. Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэр болсон дулааны цахилгаан станцууд өмнөх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэтэл оршин суугчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа. Энэ жилийн тооцоо судалгаагаар энэ тоо нэлээн өндөр болж байна. Тиймээс бид төвийн эрчим хүчээс хараат бусаар шийдэх шийдлүүдийг эрэлхийлж байгаа.
-Ярилцлагын эхэнд та хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж буй талаараа дурдсан. Мэдээж хэрэг нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хурцаар хөндөгддөг. Энэ нь эргээгээд хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Тэгэхээр нийслэл ирэх жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс орон зайн судалгааг хийсэн. Улаанбаатар хотод хувийн болон төрийн өмчийн 310 орчим сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайн сургуулиудад 360 мянга орчим хүүхэд суралцаж байна. Нийслэл хотын дэд бүтэц, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой судалгааг харахад нийт замын хөдөлгөөнд оролцогчдын 25 орчим хувь нь зөвхөн хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах зорилгоор хувийн автомашинтайгаа зорчдог юм байна. Орон зайн судалгаанаас харахад, Бага тойруу буюу хотын төвд ихэнх сургуулиуд нь бөөгнөрсөн байна. Захын хорооллуудад сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа. 360 мянган хүүхдийн 25 хувь буюу 90 орчим мянга нь 3-5 км замыг автобусаар болон явганаар туулж сургуульдаа хамрагддаг гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдийн тухайд тэр бүр унаа машин байхгүйгээс шалтгаалан алхаж аль эсвэл нийтийн тээврээр зорчдог. Өөрөөр хэлбэл, хамран сургах тойрогтоо сургуульд суралцаж чадахгүй байгаа хүүхдүүд дор хаяж 25 хувь байна. Өдийг хүртэл бид хотын төвийн сургуулиудад хүүхдүүд их суралцаж байна, багтахгүй байна гэдэг шалтгаанаар өргөтгөл барьдаг байсан. Өөрөөр хэлбэл, хотын төвдөө л дэд бүтцээ томсгоод байсан гэсэн үг. Тиймээс шаардлагатай бүсүүдэд сургууль, цэцэрлэг барих ажилд бодлогоо чиглүүлэх нь зөв. Үүнээс үзэхэд, хоёр ээлжээр хичээллэдэг 52 сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хойд бүсийн гэр хороололд барих шаардлага үүсэж байгаа. Гэртээ ойр сургуульд хамрагдах нь аюулгүй байдлын хувьд ч тодорхой эрсдэлээс хамгаална гэсэн үг. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж чадна. Хоёрдугаарт, түгжрэл төвлөрлөө шийдэх боломжтой гэж харж байгаа.
Гэхдээ бид сургууль, цэцэрлэгийн асуудалд өнөө маргаашдаа юу хийж чадах вэ. Энэ онд Улаанбаатар хотын бонд гаргаж, эх үүсвэрийн тодорхой хувийг сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажилд зарцуулахаар төлөвлөсөн байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос бонд гаргах асуудлыг хойшлуулах шийдвэр гарсан учраас шинэ удирдлагын баг ирэх оны төсөвт тодотгол хийсэн. Бид юуг хэмнэж болох вэ гэдгийг судалж, төсвийн тодотголоо НИТХ-аар хэлэлцүүлж байна. Энд 27.6 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн байгууламжийн өргөтгөл, шинээр барьж буй барилгын санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж тусгасан. Ирэх онд энэ ажил үргэлжилнэ.
Улаанбаатар хотод 4000 гаруй камер бий. Түүний 30 орчим хувь нь л ажиллаж байна. Бусад нь эвдэрсэн аль эсвэл ашиглалтын шаардлага хангахгүй байна
-Аюулгүй орчин гэж асуусных гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг хөндөх нь зөв байх?
-Энэ асуудалд шинэ удирдлагын баг анхаарч ажиллаж байгаа. Гэрэлтүүлгийн асуудал бол яах аргагүй тулгамдаж буй асуудал мөн. Гэр хороолол, дэд бүтцийн хүртээмжийн асуудал шүү дээ. Бид гэрэлтүүлгийн судалгааг хийж үзэхэд, сургууль орчмын гэрэлтүүлэг бусад хэсгүүдтэй харьцуулахад арай гайгүй. Гэхдээ л хангалтгүй. Тээврийн цагдаагийн албанаас осол аваар хаана их гарч байна, хүүхэд хаана их эрсдэлд өртөж байна вэ гэдгээр хар цэгийн судалгааг гаргаад байгаа. Зарим цэгүүдэд гэрэлтүүлэг байхгүй байхад заримд нь гэрэлтүүлэг байгаа хэр нь ажилладаггүй. Үүнд үндэслэн зарим тооцооллыг гаргаад 2024 оны төсөвт тусгаж, гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг эхлүүлж байгаа. Нарийн тооцооллуудыг хийж байна. Эхний ээлжинд сургууль орчимд 102 орчим лед гэрлэн гарцыг хийхэд шаардлагатай тул төсвөө ирэх оны төсвийн тодотголд суулгаад ажиллаж байгаа. Хоёрдугаарт, камерын асуудал байна. Манай Монгол Улсад камерыг тавиагүй биш тавьсан байна. Төрийн байгууллагуудаас болоод зарим хуулиараа сургууль орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд камержуулалтыг шийдсэн байх ёстой. Гэтэл бодит дүр зургийг харахад, камераа тавьсан хэр нь ашиглалт, засвар үйлчилгээг хэн хийх нь ойлгомжгүй байна. Жишээлбэл, манай Улаанбаатар хотод 4000 гаруй камер бий гэх судалгаа байна. Түүний 30 орчим хувь нь л ажиллаж байна. Бусад нь эвдэрсэн аль эсвэл ашиглалтын шаардлага хангахгүй байна. Бид жил бүр камер худалдан авч суулгах зардалд төсөв тавьдаг хэр тэр нь ажиллахгүй яваад байна гэсэн үг. Тэгэхээр камер худалдаж аваад суурилуулахаас илүүтэйгээр яаж эдийн засгийн үр ашигтайгаар, нэгдсэн байдлаар ажилладаг камертай болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байгаа юм. Хангалттай камер тавиад байгаа боловч ажилладаггүй камер их байна. Хоорондоо уялдаа холбоотой камерын системтэй болох зорилго тавиад байгаа. Эл зорилгын хүрээнд ирэх онд камерын нэдсэн төвтэй болохоор ТЭЗҮ-г боловсруулж, яриа хэлэлцээрийг хийгээд явж байна. Чингэлтэй дүүрэгт камержуулалт бүхий ногоон бүсийг бий болгож чадсан. Ингэхдээ 21 хорооныхоо 18-ыг нь камержуулж чадсан. Гэхдээ гэмт хэрэг зөрчил гарлаа гэхэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт камерын хяналтаар зөрчлийг тогтоох боломжтой боловч тус дүүргийн нутаг дэвсгэрээс гарвал нөгөө камер, холболт байхгүй учраас үр дүнгүй болчхоод байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот уялдаа холбоотой камержуулалтыг яаж хийх вэ гэдэг дэд бүтцээ шийдэж, удирдлагын төвтэй болохоор төлөвлөж байгаа.
-Камер байгаа ч засвар үйлчилгээ, арчлалтыг нь хаана, хэн хийх нь тодорхойгүй байна гэлээ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ?
-Камер ашиглалтын журам бий. Гэхдээ энэхүү журам нь камержуулалттай холбоотой асуудлыг нарийн сайн зохицуулаагүй гэж харж байгаа. Нэгдүгээрт, камерынхаа стандартыг шинэчлэх ёстой. Эргэж харах ёстой. Хоёрдугаарт, камерын ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой үүргийг дүүрэг, тухайлсан байгууллагад нь хариуцуулах юм уу гэдэгт оновчтой зохицуулалтыг хийх ёстой болж байгаа юм.
Сургуулийн автобусны жолооч болон хүүхэд зохицуулагчийн цалинг хоёр дахин нэмэхээр ирэх оны төсөвт тусгасан
-Сургуулийн автобусны хүртээмжийн асуудал байна. Сургуулийн автобус ч үгүй сургуулиуд их. Цаашид нэмэгдүүлэх үү. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Сургуулийн автобус хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. Бид 75 автобусыг дүүргүүдэд нь хариуцуулж хүлээлгэн өгсөн. Дүүргүүдээс нь тухайн автобусуудыг сургуулиудад нь хуваарилж өгсөн. Гэтэл тухайн автобус эвдэрлээ гэхэд засвар үйлчилгээг нь хийдэггүй, бензин шатахууны мөнгийг нь шийдэж өгдөггүй зэрэг асуудлууд тулгардаг юм байна. Хоёрдугаарт, тухайн сургуулийн автобусанд жолооч, хүүхэд зохицуулагч гэсэн хоёр хүн заавал хамт явах ёстой. Гэтэл энэ хоёр хүний цалин хөлс маш бага. Ажлын цаг их хэр нь авч байгаа цалин нь бага учраас сургуулийн автобусны жолоочийн хүрэлцээ байхгүй. Одоогийн байдлаар сургуулийн 58 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл үлдсэн автобус нь явахгүй байгаа шалтгаан нь жолооч байхгүйгээс шалтгаалж байна. Бага цалингаар ажиллах жолооч, хүүхэд зохицуулагч байхгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Хэрэв дүүргүүдэд эдгээр автобусуудын засвар үйлчилгээг хийх боломж бололцоо нь байхгүй байгаа бол нийслэлийн нийтийн тээврийн баазуудад хуваарилж байршуулъя гэж байгаа юм. Ингэснээр завсар үйлчилгээ нь шуурхай хийгддэг болно. Хоёрдугаарт, автобусны жолооч болон хүүхэд зохицуулагчийн цалинг хоёр дахин нэмье. Энэ захицуулалтыг ирэх оны төсөвт тусгасан байгаа.
-Хүүхэд хамгааллын асуудалд та бүхэн хийж хэрэгжүүлэх ажил, бодлогоо гаргаж байна. Гэхдээ үүнд хүүхдүүдийн өөрсдийнх нь үзэл бодол хэр тусаж байна вэ?
-Нийслэлийн 384 жилийн ойгоор нийслэлийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний хот-Миний төсөөллөөр” гэх хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний хүрээнд сурагчдын санал бодлыг сонссон. Хүүхдүүдийн өөрсдийнх нь дуу хоолой, оролцоог хангахаар ажилласан. Энэ нь эргээд хариуцлагатай иргэн бэлдэхэд чухал хөшүүрэг болно шүү дээ. Үүнд маш олон саналыг сурагчид дэвшүүлсэн. Дугуйн зам, гарц, сэтгэлзүйн боловсрол, гэрэлтүүлгийн асуудлуудыг хөндөж тавьсан. Эдгээр санал бодлыг бодлого төлөвлөлтдөө шингээж, ирэх оны төсөвт автобусны хүрэлцээ, хүртээмж, гудамж талбайн гэрэлтүүлэг болон сэтгэлзүйн боловсролд анхаарсан ажлуудыг сургуулиудад төвлөрсөн байдлаар хийе гэж оруулсан.
Хүүхдээ хамгаалахаас гадна хөгжилд нь анхаарал хандуулах ёстой
-Ярилцлагын төгсгөлд хот урт хугацаандаа хүүхэд хамгааллын асуудалд ямар бодлого барьж ажиллах нь зүйтэй вэ гэдгийг асуумаар байна?
-Гэр бүл дэх хүүхэд хамгааллын асуудлыг ярих шаардлагатай байна. Эцэг, эх тодорхой хариуцлагатай байх шаардлагатай. Зам тээврийн осолд өртөж байгаа тоог харахад, эцэг эхтэйгээ хамтдаа автомашинаар зорчиж байхдаа осолд өртсөн нь өндөр байдаг. Хүүхэд бол маш том хариуцлага гэдгийг эцэг, эхчүүд өөрсдөө ойлгох хэрэгтэй. Миний хувьд сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг маш чухал гэж харж байгаа. Нийгмийн стрессийг бууруулахад чиглэсэн ажиллагаануудыг хийхгүй бол ирээдүйд ямар дүр зураг биднийг угтахыг мэдэхгүй. Хүүхэд алга болох, амь насаа алдах зэрэг нь бодит бидний нүдэнд харагдаж байгаа асуудал учраас хурдан хүлээж авч арга хэмжээ авч чаддаг. Гэтэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарах хандуулахгүй бол яваандаа ужгираад л яваад байна. Маш аюултай гэж харж байгаа. Урт хугацаандаа энэ чиглэлд бодлогоо гаргаад анхаарах хэрэгтэй гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна. Хүүхэд хамгаалал гэдгийг дулаахан байранд, хоолтой ундтай хонуулахаа бодоод байна. Хүүхдийг бие хүн болж төлөвшүүлэх асуудалд төр ч мөн анхаарах ёстой. Зөвхөн хамгаалах гэхээсээ илүү хөгжил гэдэгт анхаарал хандуулах ёстой. Манай Хүүхэд залуучуудын тусгай цогцолборын барьж байгаа бодлого үүнд чиглэж байгаа. Олон улсын судалгаагаар хүүхдэд хамгийн их боловсрол, хүмүүжил олгодог хичээл нь урлаг, уран зохиолын хичээлүүд байдаг. Бие бялдрын хувьд биеийн тамир, спортын хичээлүүд. Спортоор багаар ажиллаж сурна. Урлагаар гоо зүйг мэдэрч сурна. Тэгэхээр хүүхдийг хөгжүүлж, нийгэмшүүлж бие хүн болж төлөвшүүлэх нь чухал. Үүнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллагууд анхаарч байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: UBN.mn