Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү “e-Mongolia” системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тус системийн технологийн дэвшил болон иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг онцлон тэмдэглэв. “Е-Mongolia” системийг нэвтрүүлснээр Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутам хэвлэдэг “Цахим Засаглалын индекс”-т 28 байраар урагшилж, 190 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг сайд онцлов.
Мөн тэрбээр Лаосын талд “e-Mongolia” системийн эх кодыг экспортолж, үүнийг үндэслэн “e-Laos” нэртэй цахим төрийн үйлчилгээний шинэ систем хөгжүүлэх санал дэвшүүлэв. Энэхүү санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг мэдээллийн технологийн салбараар хязгаарлалгүй, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэдгийг талууд санал нэгдлээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад цаашид талууд харилцан туршлага хуваалцах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэн, санал солилцов.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 11 -р сард Лаос улсад төрийн айлчлал хийж байсан бол Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06-р сард Монгол Улсад төрийн айлчлал хийж байв.
Өндөр дээд түвшний хоёр талын харилцан айлчлалаар Эрүүл мэнд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Төрийн албаны шинэчлэл зэрэг гурван баримт бичигт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол ийнхүү харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!