Швейцарын Саас Фээд хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн цомын хоёр дахь цуврал тэмцээнээс манай олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ тус тэмцээний хошой аварга болсон.
Саас Фээдэд хоёр жил дараалан түрүүлсэн тэрбээр Олон улсын олимпын хорооны төлөөлөгчдөд зориулсан мөсөнд авиралтын үзүүлэх авиралтад оролцож, эх орныхоо нэрийг дахин нэг сурталчиллаа. Мөсөнд авиралтын хурдны төрөлд Ази болон Европоос эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин сонгожээ.
Тамирчин тус бүр хоёр удаа авирсан бөгөөд цагтай уралдах формат, мөн тус ханан дээр өмнөх бүх цаг үед тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгох болзолтой. Улмаар энэхүү авиралтад Азиас олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, Ираны Мохсен Бехешти, Европоос Лихтенштейний Флориан Гартнер, Лорена Бек нар урилгаар уралджээ. Н.Сэлэнгийн хувьд үзүүлэх авиралтын хурдны төрлийн шигшээд үзүүлсэн 11.29 секундын амжилтаа давтсан байна. Түүний хувьд өнгөрсөн амралтын өдрөөр Швейцарт түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.
Энэхүү үйл явдал нь олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, мөсөнд авиралтын төрлийг өвлийн олимпын наадамд багтаах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан алхам болжээ. Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний гурав болон дөрөв дэх цуврал АНУ, Канад улсад болно.



Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!