Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.10.16) “Их засаг" танхимд 09.31 цагт 78.75 хувийн ирцтэй эхэлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Тулга, Б.Баярбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Батлут, Э.Батшугар нар хүрэлцэн ирж оролцсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэж заасан. Энэ дагуу сонсголд оролцсон Байнгын хорооны нийт 20 гишүүний олонх буюу Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Номинчимэг, С.Эрдэнэболд, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, О.Алтангэрэл, Б.Пүрэвдорж, Д.Батлут нарын 14 гишүүн хүрэлцэн ирж хаалттай хуралдааныг явуулсан гэв.
Хаалттай хуралдаанаар нэр дэвшигч тус бүрээр тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хураалт явуулахад нэр дэвшигч Б.Амартүвшинг 9, Б.Даваажавыг 7, Г.Эрдэнэбулганыг 4, Ч.Отгонсүрэнг 2 гишүүн “шаардлага хангасан” гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.1-д заасны дагуу нууц санал хуралт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Нууц санал хураалтад байнгын хорооны 22 гишүүн оролцож, нэр дэвшигч Б.Амартүвшин 90.9, Б.Даваажав 59.1, Г.Эрдэнэбулган 50 хувийн санал авч, нэр дэвшигч Ч.Отгонсүрэнг дэмжээгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!