Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.16/ Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 85 гишүүн хүрэлцэн ирснээр 67.5 хувийн ирцтэйгээр 10:01 цагт эхэллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт энэ өдрийн “эртэч” гишүүдийг танилцууллаа. Энэ өдөр “Их Хуралдай” танхимд өглөө эртлэн цагтаа ирж, бүртгүүлсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Н.Алтаншагай, Б.Баярбаатар, У.Отгонбаяр, Ч.Номин нарыг онцлов.


Хуралдаан даргалагч энэ долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, тус бүлгийн даргаа сонгосон талаарх шийдвэрээ ирүүлснийг танилцууллаа. Тэрбээр Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдсон Банзрагчийн Түвшинд амжилт хүсэв. Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр товлосныг илтгэсэн.

Хуралдааны эхэнд санал хураалт явуулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 75 гишүүн буюу 76.5 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, 77 гишүүн дэмжиж, 78 хувийн саналаар эцэслэн батлав.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр санал хурааж шийдвэрлэв.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 84 гишүүн дэмжиж, 82.4 хувийн саналаар баталлаа. Харин Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг 81 гишүүн дэмжиж, 79.4 хувийн саналаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80.6 хувийн саналаар дэмжиж, эцэслэн батлав.

Санал хураалтыг үргэлжлүүлж, хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонхын саналаар батлав. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 9 гишүүн 2025 оны 05 дугаар сард өргөн мэдүүлсэн байдаг.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Заяабал, С.Цэнгүүн, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Б.Жаргалан, П.Сайнзориг нар асууж, байр суурь илэрхийлэв. Санал хураалтыг үдээс хойш 15 цагт явуулахаар хойшлуулж, удаахь асуудлыг хэлэлцэж эхэлсэн.


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг нэгтгэн боловсруулж, хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан илтгэв.

Хоёр жилийн хугацаанд УИХ-ын Байнгын хорооны бүтцийг удаа дараа өөрчилж, шинэчилж байгаа нь тогтворгүй байдал үүсгэх гэмтэй хэмээн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл шүүмжилж, Байнгын хороог дэд даргатай болгох талаар төсөлд тусгасан эсэхийг тодрууллаа.

Ард түмний элч төлөөлөгч болон сонгогдсон, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах үүрэгтэй парламентын гишүүд сахилга батыг сахиж, хуралдаанаа таслалгүй явуулахад энэхүү хуулийн төсөл ач холбогдолтойг УИХ-ын дарга С.Бямбацогт онцлон тодотгов. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал анх удаа 126 гишүүн бүрдсэн, тиймээс шаардлагатай үед тухай бүрт хуулиа шинэчилж, өөрчлөөд явахад буруудах зүйлгүй. Амьдралаас урган гарсан онцлог зохицуулалт цөөнгүй тусгасныг мөн дурдсан. Тухайлбал, хууль санаачлагч Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ордоггүй, бараг үг хэлэх боломжгүй учраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь танигдахааргүй болтол өөрчлөгддөг сул талтай байсныг энэ төслөөр өөрчлөхөөр тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Жаргалан нар асууж, байр сууриа илэрхийллээ.

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Дулаан хангамжийн тухай анхдагч хууль хуралдаан даргалагчийн үзэмжээс болж "унасан" талаар жишээ татаж байлаа. Хуралдаан даргалагч ямар ч үед төвийг сахих ёстой. Улс төрийн нам, эвслийн гишүүнчлэлээс УИХ-ын дарга татгалзах ёстой гэсэн хатуу зохицуулалтыг тусгаж боловсруулсан боловч зөөлрүүлсэн, одоо бүр тэр утга санаа алдагдчихлаа хэмээн хууль санаачлагч Х.Тэмүүжин гомдол мэдүүлэв. Ийнхүү хэлэлцээд хуулийн төслөөрх 49 зарчмын зөрүүтэй санал ирүүлснийг үдээс хойших хуралдаанаар шийдвэрлэхээр түр хойшлууллаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт Эгийн голын усан цахилгаан станцыг нааштайгаар шийдвэрлэсэн талаарх баярт мэдээг чуулганы индэр дээрээс мэдээлээд, хичээл зүтгэл гаргасан УИХ-ын гишүүн С.Одонтуяад баяр хүргэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхлан хэлэлцлээ. Энэхүү төсөл нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нараас өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж буйгаараа онцлогтой. Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэгдсэн хуралдаанд илтгэлээ.


Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, О.Саранчулуун нар асууж, байр суурь илэрхийлсэн юм. Санал хураалтыг үдээс хойш явуулахаар тогтсоноор үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!