Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид өнөөдөр /2026.10.09/ “Нийгмийн хамгааллын тусгай төв” болон “Хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, өдөр тутамд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат болон холбогдох албаны төлөөлөл оролцов.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь 2003 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд гэр оронгүй, нийгмийн эмзэг нөхцөлд байгаа иргэдийг бүртгэлд хамруулах, түр байрлуулах, хоол хүнс, эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн халамжийн суурь үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй. Тус төв нь 2026 оны зургаадугаар сараас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нэг дор 250-300 иргэнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.
Төвийн дарга Ш.Мөнхцэцэг үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, үзүүлж буй үйлчилгээ болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаа танилцууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 92 хувь нь архины хамааралтай, 80 хувь нь эрүүл мэндийн даатгалгүй, 90 хувь нь бичиг баримтгүй байгаа нь тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгэмших, бие даан амьдрахад хүндрэл учруулж байгааг хэлэв. Мөн эмч, сувилагчийн орон тоо, хүний нөөцийн хүрэлцээ, ажилтнуудын нийгмийн баталгаа, үйлчлүүлэгчдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, нийгэмшүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг дурдлаа.