Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.06)-ийн хуралдаан 15.19 цагт эхэлж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, П.Ганзориг, М.Сарнай, М.Нарантуяа-Нара, Д.Рэгдэл, Л.Энхнасан, М.Энхцэцэг, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Б.Хэрлэн, Н.Алтаншагай, С.Зулпхар, Ж.Галбадрах нар ирж, хуралдаан 56.7 хувийн ирцтэй эхлэв.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа. Одоогийн халамжийн зардлыг гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн илүү оновчтой тогтолцоо руу шилжүүлж байгаа гэдгийг тэрбээр онцолж, хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, хэрэгцээ шаардлага, холбогдох судалгаа, Монгол Улсын гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, төсөлд тусгасан зохицуулалтууд, хууль батлагдсанаар гарах үр дүн зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хуулийн төсөлд дараах суурь зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд,
-
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны ипотекийн зээл болон түрээсийн орон сууцад тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд зээлийн батлан даалт гаргах;
-
Бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүн бүхий ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх;
-
Гэр бүлийн өдөр тохиосон 7 хоногийг амралтын өдөр болгох
-
Гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;
-
Хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зохицуулах;
-
Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг нэгтгэсэн E-Family платформ ажиллуулах.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, А.Ариунзаяа, Д.Ганмаа, Б.Хэрлэн, Б.Бейсен, С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг дурдаж, тэдгээрийг эрх зүйн хүрээнд шийдвэрлэж чадах эсэхийг түлхүү сонирхож байлаа. Тухайлбал, гэр бүл салалтын нийгмийн шалтгаан, нөхцөлийг шийдвэрлэх, эдийн засгийн бодитой хөшүүрэг бий болгох, ахмад болон нийлмэл гэр бүлийг хэрхэн дэмжих, хөдөө, орон нутагт ганц бие залуус олон болсон талаар ямар бодлого явуулах, хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэрхэн хэмжиж, дүгнэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөв. Түүнчлэн Хүүхдийн төлөө сангийн хуримтлал, түүний зарцуулалтыг нягтлах, үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн болон бусад салбарын холбогдох хууль, тогтоомжийг уялдуулан нийцүүлэх, албан болон албан бус секторт ажиллаж байгаа гэр бүлүүдэд хуулийн үйлчлэлийг адил тэнцүү хүргэхэд анхаарах гэх мэт олон асуудлыг онцлон дурдсан юм.

Албан ёсны судалгаагаар манай улсад хүн амын өсөлт удааширч, гэрлэлтийн тоо буурч, гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд мэдээлж, санхүүгийн хүндрэл, орон сууцны нөхцөл, хадмын харилцаа, хүүхдийн асаргаа зэрэг олон хүчин зүйл гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, боловсрол, эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн үйлчилгээ гэх мэт олон салбарыг хамарч байгааг хэлж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Зулпхар, О.Саранчулуун нар үг хэлж, зохицуулах шаардлагатай харилцааг хуулийн төсөлд тодорхой, хэмжигдэхүйцээр, мөн бодитой хэрэгжиж, үр дүнд гарахуйцаар тусгах шаардлагатайг анхааруулав.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлтэй уялдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг дагалдах хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, Д.Ганмаа нар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эрт илрүүлгийн үр дүнгийн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, О.Саранчулуун нар эрт илрүүлгийн хамрах хүрээ, өртөг зардал, тооцоо судалгаа, мөн тусгай сургуулиуд дээр явагдаж байгаа эсэхийг асуув.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласныг сануулж, тус салбарын өмнөх хөрөнгө оруулалтын үр дүнг үнэлж, орон нутгийн эмнэлгүүдийн чадавхыг цаашид хэрхэн бэхжүүлэх талаар тодруулга авав.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ оны төсвийн тодотголд тусгагдаж буй халамжийн тэтгэврийн нэмэгдэл ирэх оны төсөвт ямар ачаалал өгөх, Ажил олгогч эздийн болон Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлэлцэн тохиролцсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан бол ахмад настны эмийн хэрэглээ, түүний үнэ өртгийг бууруулах тухай асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хөндөөд, Дуурлиг нарсан дахь Хүннүгийн язгууртны судалгаанд тодорхой хэмжээний санхүүжилт тусгагдсантай холбогдуулан Судалгаа, мэдээллийн төв байгуулах боломжийн талаар тайлбар авав.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, олон жил дамнан хэрэгжиж буй төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, М.Энхцэцэг, Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар байр сууриа илэрхийлж, өртөг нэмэгдэж буй шалтгаан болон төсөвлөлтийн чанарыг тодрууллаа


Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен оношлогоо, эмчилгээний төвийг бүсийн хэмжээнд биш аймаг бүрд ажиллуулах боломжтой гэдгийг хэлж, эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийг шийдвэрлэх, эмийн төсвийн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газарт зөвлөв.

Боловсролын хүртээмж, анги дүүргэлтийн асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах хөндөж, хот, хөдөөгийн ялгаатай хэрэгцээг харгалзсан төсөвлөлт шаардлагатай байгааг шүүмжилсэн юм. Тэрбээр шинэ сургууль, цэцэрлэгийн төслүүд болон төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэл хангагдсан эсэхийг магадлав.

Засгийн газрын цалин хөлсний бодлого алдагдсаныг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат шүүмжилж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх, залуучууд, төрийн албан хаагчид, оюутнуудад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зардал санхүүжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун мөн дэлгэрэнгүй хөндөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, дэмжлэгүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Оюутолгой төслийн өгөөж, үр дагаварын талаар ярьж, 2027 оны төсөвт орж ирэх 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн хуульд нийцүүлэн зарцуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр 15 аймгийн төвд дотуур байр барихаар төлөвлөснийг шүүмжилж,эмнэлэг, сургуулийн засвар, арчлалтын зардлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн бодлогыг тайлбарлаж, 2027 онд анх удаа Оюутолгойн ногдол ашиг төсөвт төвлөрөхөөр байгааг онцлон, энэхүү орлогыг урсгал хэрэглээ бус боловсрол, эрчим хүч, дэд бүтцийн урт хугацааны хөрөнгө оруулалтад зарцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

2027 онд “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 18 томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар танилцуулж, үүний дотор хүүхдийн эрт илрүүлгийг өргөжүүлэх, төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн хөнгөлөлтийн санхүүжилтийг өсгөх зэрэг арга хэмжээ багтаж байгааг тэмдэглэсэн юм. Өнөөгийн нөхцөлд ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэдийн эмийн зардал нь өрхийн санхүүд хамгийн их дарамт учруулж байгааг тэрбээр учирлаж, тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудын орлогын үлэмж хэсэг эм худалдан авахад зарцуулагддаг тул эмийн хамтын төлбөрийг бууруулах, зарим бүлгийг бүрэн чөлөөлөх чиглэлээр ажиллаж байна гэлээ.

Халамжийн зарим тэтгэмжийг ирэх сараас нэмэгдүүлэхээр шийдвэрлэж буй тул ирэх онд үүнийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.

Инфляцын өсөлтөөс шалтгаалан сургуулийн үдийн хоол болон цэцэрлэгийн хоолны чанар буурахаас сэргийлж зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болон 100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй “ногоон сургууль” болгон шинэчлэх, аймаг бүрт төрөлжсөн ахлах сургууль болон дотуур байрны тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай зардлуудыг төсвийн төсөлд тусгаад байгаа талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тодорхой танилцуулав.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж салбар салбарын цалин хөлсийг шахалт шаардлагын улмаас хэсэгчлэн шийдэж ирсэн нь нэгдсэн бодлого алдагдахад хүргэж байгааг дурдаад, нэг удаагийн шинжтэй орлогоор байнгын урсгал зардал санхүүжүүлэх нь эрсдэлтэй гэдгийг хэлэв. Тэрбээр уул уурхайн нэмэлт орлого болон ногдол ашгийг тогтмол зардалд биш, ирээдүйд өгөөж өгөх хөрөнгө оруулалтад чиглүүлэх зарчмыг хатуу баримтлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөр өндөр хэмжээнд хүрсний дотор ихэнх өр цөөн тооны том эмнэлэгт ноогдож байгааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр танилцуулж, тиймээс зөвхөн нэмэлт санхүүжилт олгох биш, эмнэлгүүдийн удирдлага, санхүүгийн бүтэц, үйлчилгээний зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай гэсэн юм. Мөн эрт илрүүлгийн тогтолцоог хүн амын эрсдэлийн бүлэгт чиглүүлж боловсронгуй болгох, аймаг орон нутгийн эмнэлгүүдийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг тайлбарлав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар үг хэллээ. Төсвийн төслийг энэ хэвээр нь дэмжих боломжгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар хөдөлмөрийн аюулгүй байдлын хангах болон болзошгүй эрсдлийн зардлыг зохих хэмжээнд төлөвлөх, яаралтай тусламжийн дэд бүтцийг сайжруулах, эрт илрүүлгийн үзлэгийг үр дүнд чиглүүлэх, хэрэгжилтийн алдааг залруулж, сайжруулах шаардлагатай гэдгийг онцлон анхааруулав. Мөн төрөлжсөн ахлах сургууль, ногоон сургууль, боловсролын зээлийн бодлогыг боловсронгуй болгох, асаргааны тэтгэмжийг нөхцөл байдлаар нь эрэмбэлэх зэрэг асуудалд анхаарахыг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт, ачаалал өндөр байгаа энэ үед мэдээллийн технологийн танхимыг хүчин чадал сайтай, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдав.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!