Булган. 2026 оны арваннэгдүгээр сарын 23./МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчин Б.Доржбат, гэргий Н.Халиун нарын гэр бүл улсын хэмжээнд найман аймгийн малчин өрхийг хамруулсан “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэлж, 20 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Тэдний малласан хургануудын дундаж жин шоу эхлэх үеийн хэмжилтээр 4.5 кг байсан бол төгсгөлийн хэмжилтээр 36.3 кг болж нэмэгджээ. Энэ нь малчин гэр бүлийн өдөр тутмын хөдөлмөр, маллагааны үр дүнг харуулж байна.
Шоуны тэргүүн байрыг Дорнод аймгийн Дашбалбар сумын Улсын аварга малчин Б.Мөнхтулга, гэргий Ч.Одгэрэл нар эзэлж, 100 сая төгрөгийн шагнал хүртэв. Харин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин Н.Баттулга, гэргий Болормаа нар хоёрдугаар байрт шалгарч, 30 сая төгрөгөөр шагнуулжээ.

“Шинэ мэдлэг, шинэ хандлага, шинэ ирээдүй” уриатай тус шоугаар уламжлалт мал маллах арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга барилтай хослуулан, малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломжийг харуулахыг зорьжээ.
Шоуны хурга бойжуулах туршилт, зураг авалт хаврын төллөлтөөс эхэлж, намар хүртэл үргэлжилсэн бол нэвтрүүлгийг өнгөрсөн сарын 4-нөөс энэ сарын 22-ныг хүртэл найман долоо хоногийн турш NTV болон "Mалчин" телевизээр долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдэд хүргэжээ.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!