Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар-2026” аяны хүрээнд Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Бэлэгийн Норов өөрийн зохиосон “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд өнөөдөр гардуулан өглөө.
Яруу найрагч Б.Норов нь тус шүлгээ одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан бичиж байжээ.
Зохиолч Б.Норов нь 1938 оны наймдугаар сарын 20-нд Увс аймгийн Малчин сумын нутаг Шорт буйрь гэх газарт айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр аймгийнхаа Утга зохиолын нэгдлийг 40 гаруй жил удирдаж, 40 гаруй шавьтай болж, 40 шахам ном бичиж орос, англи, казак, тува хэл дээр хэвлүүлсэн байна. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, 2011 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгожээ.
МИНИЙ МАРШАЛ
Гал луу жил, эзэн сүлдээ залж
Гашуун тавилант цагийн элгийг зөөлөлж
Уул ус нь жигдэрсэн цэнхэр диваажинд
Утаа нэвэтрэсэн бор гэрийн хойморт
Нэгэн хөвгүүн мэндэлсэн тэр өдрийг
Нэхэн дурсахын гэгээн ерөөл урьж байна
Нэрийг нь хэлэхэд эцгийн царай
гэрэлтээд ирэх шиг ...
Нэхий эгэлдэрсэн монгол зураг намайг
ширтэх шиг ...
Түүхийг дуулуулж ирсэн
Залуу Цэдэнбал
Энэ 1940 он
Түмнийг уйлуулж буцсан
Маршал Цэдэнбал
1991 он
Дуурсахгүй бол
Түүхгүй болж эх дэлхийд элэглүүлэх
Дуулахгүй бол
Зүрхгүй болж энэ монголдоо чичлүүлэх
Хорьдугаар зууны
Монгол түүхээ би өмөөрнө
Хорьдугаар зууны
Монгол удирдагчаа бид өршөөнө
Хатуу зөөлний ирэн дээр
Дөчин дөрвөн жил улс монголоо босгосон
Хар цагааны дэнсэн дээр
Дөрөөг минь чангалж дэлхийн дэвжээнд мацуулсан
Эх орныхоо
Зовлонгоор зовж тэвчсэн
Эгэл олныхоо
Хайраар сэтгэлээ сүүлсэн
Миний Маршал
Мянганы Маршал
Төрсөн бууцан дээрээ
Тухлах завгүй элсэн
Төө зайгүй нөхдөө
Марталгүй эмтэрсэн
Ядарсан биеэ амраах орон гэргүй
Хатамжаар алдарсан
Ясаа тавих эх орноо
Санаж шаналсаар хальсан
Эмтэрч дурсагдах
Монгол Маршал
Эвий л санагдах
Миний Маршал
Улаангом, 2006.01.01, Б.Норов

Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!