УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр /2023.05.16/ болсон.
Хуралдааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ҮХНӨ оруулах журмын тухай хуульд заасанчлан, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор захирамж гаргасны дагуу долоо хоног гишүүд тойрогтоо ажилласан. Шинжлэх ухааны тооцоо үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэд бол 76 дарга биш, бага ард түмний 152 төлөөлөл байх нь зөв гэж үздэг. Гишүүдийн тоо олон болсноор бүх асуудалд оролцдог биш, чиглэл чиглэлээ төлөөлдөг мэргэшсэн парламентчид төрөх юм. 76-г тойргийн зарчмаар, 76-г нийгмийн бүлгийн төлөөлөл болгож намын жагсаалтаас сонгох агуулга явж байгаа.
Иргэд бол 152 гишүүний тоог дэмжихгүй байна. Харин нэмэх нь зөв гэдгийг дэмжиж үг хэлж байна. Дэмжихгүй гэснийг нь тастаж авч шуугиулаад л, хоёр тал болгож хуваагаад байна. Хамгийн гол нь, цар тахлаас хойш төр ба ард түмний харилцаа холдсон асуудал ажиглагдаж байна. Гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Нийгмийн бухимдлаа тэгж илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Иргэдийн амьжиргаа маш их доройтсон байна. Иймд МАН-ын бүлгийн хурлаар бүх гишүүд иргэдийн амьжиргааг хөндөж ярилаа" гэлээ.
Amlalt.mn