Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Чэжү 4.3 Энхтайваны сантай хамтын ажиллагааны хүрээнд "Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын түүх" тусгай үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейн танхимд өнөөдөр буюу 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Чэжү 4.3 Энхтайваны сангийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй хоёр талын албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэлмэгдэгсдийн ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм.
Дашрамд дуулгахад БНСУ-ын Чэжүд их хэлмэгдүүлэлт болж, 30 мянган хүнээс 14 мянган хүнийг цаазалж байсан гашуун түүхтэй. Иймд БНСУ-ын Засгийн газраас “Чэжү 4.3 Энхтайван” сан болон хэлмэгдүүлэлттэй холбоотой хөшөө, цогцолбор, дурсгалын самбар, музейг тус бүр байгуулсан юм.Чэжү 4.3 Энхтайваны сангийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй 11 зочид төлөөлөгчид Монголын хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн өдрийн арга хэмжээтэй танилцах айлчлалаар ирээд байгаа юм байна.
Уг түүхийн үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд нэг сарын хугацаанд байршина.
Амлалт.мн