Улс орны хэмжээнд гарч буй эерэг өөрчлөлт, сайн сайхан мэдээ, бодит амжилтыг олон нийтэд хүргэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын нэг чухал үүрэг.
Тэр дундаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, удирдлагын менежмент, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бодит баримт, тоон үзүүлэлтээр нь үнэлж дүгнэж, олон нийтэд хүргэх учиртай.
Энэ удаа төрийн өмчит томоохон компаниудын нэг болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд гарч буй эерэг өөрчлөлтийг онцолъё.
Хагас жилийн өмнө буюу 2026 оны тавдугаар сарын 13-нд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилсон. Тухайн үед олон нийт үүнийг төрийн өмчит компанийн удирдлагын ээлжит нэгэн томилгоо хэмээн хүлээж авсан байх.
Харин өнгөрсөн хагас жилийн хугацаанд гарсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйлдвэрлэл, борлуулалтын үзүүлэлтүүдийг харахад энэ томилгооны дараах үр дүнг сайшааж хэлж болохоор байна.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны эхний есөн сарын цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрч, жилийн төлөвлөгөөгөө 50 хувиар давуулан биелүүлсэн байна. Тус компани энэ онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байсан бол есдүгээр сарын эцсийн байдлаар төлөвлөсөн хэмжээнээсээ 500 тэрбум төгрөгөөр илүү ашигтай ажиллажээ.
Энэ хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийн хэмжээг нэмэгдүүлж ажилласан байна.
Мөн эхний есөн сарын байдлаар нүүрс олборлолт 28.6 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн бол нүүрсний борлуулалт 28.8 сая тоннд хүрч, 48 хувиар нэмэгдсэн байна. Борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөөний биелэлт 126 хувьтай гарчээ.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг зөвхөн тус компанийн санхүүгийн тайланд хавсрагдаад үлдсэнгүй. Улсад 1.4 их наяд төгрөгийн татвар, АМНАТ-аа төлчихөөд, татварын дараах 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас 1 их наяд төгрөгийг нь улсын төсөвт татаж, улмаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэрийн нэг болжээ.

Энэ бол байгалийн баялаг ард иргэдэд үр өгөөжөө өгч буйн бодит жишээ юм. Мэдээж эдгээр бүх амжилтыг гаргахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын шинэ багийн менежмент нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд компанийн үйл ажиллагааг зөвхөн өрөө тасалгаанаас удирдах бус, уурхай дээр очиж ажиллах, уурхайчид болон нүүрс тээвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зарчмаар ажиллаж байгаа нь олны анхаарал татаж байна.
Түүнчлэн иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тус компани зохион байгуулж, зургаадугаар сарын 1-нээс эхлэн холбогдох үйлчилгээг нэвтрүүлсэн.

Мөн Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгуулсан нээлттэй өдөрлөгөөр иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх, үнэт цаасны данс нээлгэх, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Энэ бол төрийн өмчит компани зөвхөн ашиг орлогоо тайлагнаад зогсохгүй хувьцаа эзэмшигч иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буйн нэг жишээ юм. Ер нь төрийн өмчит компаниудын хамгийн том асуудал бол төрийн өмч эзэнгүйдэх, хариуцлага сулрах, улс төрийн томилгоо, ашиг сонирхлын зөрчил бизнесийн үр ашигт сөргөөр нөлөөлөх явдал байсаар ирсэн.
Төрийн өмчийг хэн нэгний албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтын хэрэгсэл бус, нийт ард түмний өмч гэдгийг удирдлагууд нь ухамсарлаж ажиллах ёстой. Тиймээс төрийн өмчит компаниудын удирдлагыг томилохдоо хэний хүн бэ гэдгээр бус, юу хийж чаддаг вэ гэдгээр нь үнэлдэг тогтолцоо хэрэгтэй байна.
Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, хариуцлага, үр дүнгээрээ үнэлэгддэг шинэ үеийн менежерүүдээр төрийн өмчит компаниудыг удирдуулах нь төрийн өмчийн өгөөжийг нэмэгдүүлэх нэг чухал гарц байж болох юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн үзүүлэлтүүд ч үүнийг харуулж байна.
Төрийн өмч эзэнтэй, удирдлага нь хариуцлагатай, менежмент нь ажил хэрэгч байж чадвал төрийн өмчит компани алдагдал, ашиг сонирхлын зөрчлийн үүр уурхай биш, харин улс орны эдийн засгийг тэтгэгч, иргэддээ өгөөжөө хүртээдэг байгууллага байх боломжтой.
Төрийн өмчийг төрийн гэж эзэнгүйдүүлэх бус сайн менежер, мэдлэг чадвартай залуусыг удирдлагын багт томилон ажиллуулан эзэнжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК шиг үр ашгийг нь нэмэгдүүлэх цаг хэдийнэ болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” Чингис хаан үндэсний баялгийн санд 675.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрд ногдох нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай бид өмнө нь өгүүлсэн бол өнөөдөр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 675.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хуримтлал болж байгаа аж.

Үндэсний баялгийн сангийн хуримтлал нь байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх, ирээдүйд чиглэсэн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Чингис хаан үндэсний баялгийн сан нь иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэгт зарцуулагдах хуримтлалын сан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ эрчээрээ ажиллаж, олборлолт, борлуулалт, экспортоо тогтвортой нэмэгдүүлж, улсын төсөв болон Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрээ өсгөн, тогтвортой, ногоон уул уурхайг хөгжүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн жишээг бид харж байна.
Ц.Мөнх
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!