Кибер орон зай дахь аюулгүй байдлын сорилт, эрсдэлийг олон талаас нь хэлэлцэж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, цэрэг-иргэний болон төр, хувийн хэвшлийн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Кибер тусгаар тогтнол-2026” форум өнөөдөр болж байна.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус форумыг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба ерөнхийлөн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв болон Зэвсэгт хүчний төв хамтран зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба болон төр, хувийн хэвшлийн кибер аюулгүй байдлыг ханган ажиллаж буй инженер, судлаач, алба хаагчид оролцож байна. Форумын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарын илгээсэн мэндчилгээг уламжилж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нээж үг хэллээ.
Сайд Д.Батлут нээлтийн үгэндээ орчин цагт кибер орон зай хосолмол дайны чухал талбар болж, энхийн цагт ч далд хэлбэрээр явагдах кибер халдлага, мэдээллийн нөлөөлөл нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх болсныг онцлов. Улмаар Батлан хамгаалах яамнаас кибер хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулав.
“Үндэсний кибер тусгаар тогтнол - Стратегийн хамтын ажиллагаа” сэдвийн дор өрнөж буй тус форумаар салбарын эрдэмтэн, судлаач, хууль сахиулах болон банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд Когнитив дайн, кибер дипломат ажиллагаа, гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн кибер гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.
Мөн форумын төгсгөлд “Үндэсний кибер хамгаалалт: Сорилт, шийдэл, хамтын хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг өрнөж, халдлага зөрчил гарсан үед байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах шийдлүүдийг тодорхойлох юм.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!