Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр уржигдар хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээллийг өчигдөр өглөө. Тэрбээр 2026 оны 04 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэв. Мөн Туулын хурдны зам төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлж, дэмжих шахалт ирсэн. Монгол Улс бол Засаг захиргааны нэгдмэл бодлоготой улс. Засгийн газар, УИХ дээр асуудал нь эцэслэгдээгүй, иргэд мэдээлэлгүй, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Би эрх ашиг, албан тушаалын төлөө улайран зүтгэгчдийг бус иргэдийнхээ эрх ашгийн талд зогсоно” гэдгийг онцоллоо.