Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээн Тажикстаны Душанбе хотод эхэллээ.
34 орны 240 жүдоч зодоглох энэхүү тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Дээрх таван жинд манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Т.Ариунзаяа, М.Цэндбазар нар татамид гарна.
Өнөөдөр барилдах манай ганц эрэгтэй жүдоч Б.Сүхбатын хувьд “В” хэсгийг толгойлох бөгөөд Тажикстаны Лойк Кудбудиновтой таарлаа.Тэгвэл 48 кг-д Ж.Анударь эхний тойрогт Польшийн Слазок Викториятай барилдана. Манай тамирчин өнгөрсөн онд Душанбегийн “Их дуулга”-д түрүүлсэн бөгөөд хоёр дахиа түрүүлэх зорилготой аж. Харин 52 кг-д Ц.Гал-Од эзэн орны Курбонзода Мадинатай таарсан бол М.Нандин-Эрдэнэ “С” хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөв. Түүнчлэн 57 кг-д Т.Ариунзаяа энэ жинд барилдах бүх жүдочийг тэргүүлнэ. Тэрбээр “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөсөн бол М.Цэндбазар “С” хэсэгт эхлээд Польшийн Сиенницка Каролина барилдахаар сугалаа татлаа.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх бөгөөд С1 телевиз шууд дамжуулна.

Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!