Говь-Алтай аймаг дахь Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн штабын барилгын шанг татлаа.
Говь-Алтай аймагт Зэвсэгт хүчний 341 дүгээр анги шинээр байгуулагдаж, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжиж байна. 2025 онд цэргийн ангийн байр ашиглалтад орсон бол энэ онд штабын байрны барилгын ажил эхэлж, шав тавих ёслол тавдугаар сарын 1-нд боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, батлан хамгаалах салбар болон хүчний байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл үг хэлэхдээ, цэргийн ангийн үйл ажиллагаа жигдэрч, аймаг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн орон нутгийн батлан хамгаалах салбарт томоохон ахиц, өөрчлөлт авчирч буй нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
2014 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилгаар Говь-Алтай аймагт цэргийн анги байгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн барьж, батлагдсанаар энэхүү ажлын шав нь тавигдсан улбаатай.
Тэгвэл ийнхүү уг санаачилга бодит ажил болж, 2025 оны 11 дүгээр сарын 28-нд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийг албан ёсоор байгуулж үйл ажиллагаа нь жигдэрч, цэргүүдээ хүлээн авч эхэлсэн юм.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!