Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Гэвч энэ орчинд хүмүүсийн үнэлэмж, амжилт, тэр ч байтугай хүний үнэ цэнийг хүртэл лайк, шэйр, дагагчийн тоогоор хэмжих хандлага газар авч байна.
Өнөөдөр олон нийтийн анхаарлыг татахын тулд зарим хүн эрсдэлтэй үйлдэл хийх, бусдын хувийн амьдралыг дэлгэх, осол аваар, эмгэнэлт явдлыг хүртэл контент болгон ашиглах нь цөөнгүй. Хэдхэн мянган лайк авахын төлөө хүний ёс зүй, хүндлэл, хувийн орон зай хоёрдугаарт тавигдах болсон мэт.
Харамсалтай нь, лайкны тоо бодит үнэ цэнийг илэрхийлдэггүй. Олон лайктай нийтлэл үргэлж зөв байдаггүй, цөөн хандалттай мэдээлэл үнэ цэнгүй гэсэн үг ч биш. Гэсэн ч алгоритмын төлөөх өрсөлдөөн хүмүүсийг "илүү сенсаацтай байх" гэсэн дарамтад оруулж байна.
Энэ нь зөвхөн контент бүтээгчдийн асуудал биш. Үзэгчид бид ч мөн ямар мэдээлэлд лайк дарж, ямар агуулгыг түгээж байгаагаараа энэ орчныг бүтээдэг. Хэрэв бид шуугиан, доромжлол, хүний зовлонгоор хандалт цуглуулсан контентыг дэмжсээр байвал ийм төрлийн агуулга улам олширно.
Нийгэмд хэрэгтэй мэдээлэл, сайн үйлс, бодит бүтээлээс илүүтэй сенсаац давамгайлах болсон энэ үед нэг асуулт урган гарч байна.
Нэг лайкны үнэ цэнэ үнэхээр хүний үнэлэмжээс давах болсон уу, эсвэл бид өөрсдөө түүнийг тийм хэмжээнд хүргэчихэв үү?
Г.Энхбаяр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!