Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан БНХАУ-ын Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар хоёр хотын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан ажил олгогчид болон нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хуулийн хүрээнд ажиллаж, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангах, тэдний эрх ашгийг хамгаалахад нийслэлийн зүгээс дэмжихээ илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Бээжин хотын зах зээлд гаргах, хамтран ажиллахыг санал болгов.

Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Жан Пэн “Бид ажилтнуудын ур чадвар, ажиллах орчныг дээшлүүлэхэд онцгой анхаардаг. Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтай хамтран ажиллаж, хоёр хотын ажилтан, албан хаагчдын харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийг зорино” гэлээ.
Улаанбаатар хот төрийн байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудын оролцоонд тулгуурласан гурван талт хамтын ажиллагааг хөдөлмөрийн харилцаанд баримталдаг. Гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлаар талуудын оролцоог хангах нь чухал болохыг онцоллоо.


Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!