Монголын нүүдэлчин соёл, үндэсний өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх фестивалийн хүрээнд аймаг, нийслэлийн төлөөлөл өөрсдийн онцлог өв соёл, уламжлалт урлаг, зан заншил, гар урлалыг танилцуулж байна. Мөн соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах үзүүлбэр, үзэсгэлэн, үндэсний спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.
Үйл ажиллааг “Ертөнцийн 4 нүүдэл” язгуур урлагийн отгийн тоглолтоор эхлүүлж, нийт 11 үзүүлбэрт 31 өвлөн уламжлагч оролцон, үндэсний өв соёл, уламжлалт урлаг, зан заншлаа олон нийтэд толилууллаа.

Соёлын арга хэмжээний үеэр сурын болон шагайн харваа, үндэсний бөх, морьт харваа, уран уургач, бугуйл, эмнэг булгиулах зэрэг үндэсний спорт, уламжлалт ур чадварын тэмцээнүүд зохион байгуулагдах аж.
Мөн наймдугаар сарын 22-нд 1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Монголын уламжлалт хорхогийг Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр төлөвлөж байгаа нь фестивалийн онцлох арга хэмжээний нэг юм.

Үйл ажиллагааг зорьж буй иргэдэд зориулан нийтийн тээврийн зохицуулалт хийгдэж, Сүхбаатарын талбайгаас 22, 23-нд фестивалийн чиглэлд үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.
Н.Энхтуул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!