Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн ээлжит II Бага хурлаар гишүүдийн татварын хэмжээг шинэчилж, холбооны нэр дээрх 0.06 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргалаа. Шинэчилсэн татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тогтов.
МСНЭ-ийн ээлжит II Бага хурал 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын сангийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
МСНЭ-ийн дүрэмд заасны дагуу Их хурлын хооронд эвлэлийн үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Бага хуралд нийт 61 гишүүн оролцох ёстойгоос 41 гишүүн хүрэлцэн ирж, 67.2 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн юм.
Хурлыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц үг хэлж, Их хурлаас хойших 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өглөө. Улмаар хурлын дэгийн дагуу Бага хурлын тэргүүлэгчид, редакцын комисс, тооллогын комиссыг байгуулж, хэлэлцэх асуудлуудаа батлан, хуралдаанаа үргэлжлүүлэв.
Гишүүдийн татварыг 2027 оноос шинэчилнэ
Энэ удаагийн Бага хурлаар МСНЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, мөн холбооны нэр дээрх газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг Удирдах зөвлөл болон Ерөнхийлөгчид олгох гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолуудыг баталлаа.
Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд гишүүдийн татварын хэмжээг шинэчлэн тогтоов. Тодруулбал, 2018 онд дүрэмд тусгасан МСНЭ-ийн жирийн гишүүний жилийн 48 мянган төгрөгийн татварыг 120 мянган төгрөг, Бага хурлын гишүүний жилийн 108 мянган төгрөгийн татварыг 240 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр Бага хурлын гишүүд санал нэгдлээ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгууль явуулна
МСНЭ-ийн дүрэмд өмнө нь тодорхой зохицуулагдаагүй явж ирсэн нэг чухал асуудлыг мөн нэмж тусгалаа.
Тодруулбал, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн орон тоо гарсан, удаан хугацаагаар өвчилсөн, нэг жилээс дээш хугацаагаар гадаад улсад суралцах, ажиллах болсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан, эсхүл нас барсан тохиолдолд Удирдах зөвлөлөөс ээлжит бус Бага хурлыг зарлан хуралдуулж, 60 хоногийн дотор ээлжит бус Их хурлыг хуралдуулан шинэ Ерөнхийлөгч сонгох зохицуулалтыг дүрэмд оруулж баталжээ.
Ингэснээр дээрх нөхцөл үүссэн тохиолдолд холбооны удирдлагын залгамж чанрыг алдагдуулахгүй байх, МСНЭ-ийн удирдлагагүй мэт явж ирсэн өмнөх жишгийг залруулж, Ерөнхийлөгчийг сонгох үйл явцыг дүрмийн хүрээнд зохицуулах боломж бүрдэж байна.
Холбооны нэр дээрх 0.06 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Бага хурлаар хэлэлцсэн дараагийн гол асуудал нь МСНЭ-ийн нэр дээр бүртгэлтэй 0.06 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байв.
Хэлэлцүүлгийн үеэр хурлын гишүүдээс тодорхой санал гаргасны үндсэн дээр тус газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулах, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, холбогдох ажлын явцыг 2027 оны нэгдүгээр улиралд багтаан ээлжит III Бага хуралд танилцуулах үүргийг МСНЭ-ийн Удирдах зөвлөл болон Ерөнхийлөгчид шилжүүлсэн тогтоол баталлаа.
Энэ шийдвэрийн хэрэгжилт нь холбооны өмч хөрөнгийг үр ашигтай ашиглах, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Сэтгүүлчдийн ур чадвар, мэргэжлийн ёс зүйд анхаарна
Бага хурлын үеэр сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх асуудлаар олон санал гарлаа.
Эдгээр саналын дагуу Бага хурлаас тэмдэглэлээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцад энэ ондоо багтаан сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд, Хэвлэлийн зөвлөл болон ижил төстэй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох, сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах чиглэл өгчээ.
Мөн хууль, хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ 1000 сэтгүүлчийн форумыг хийх үүргийг хурлын тэмдэглэлд тусгасан байна.
МСНЭ-ийн ээлжит II Бага хуралд Бага хурлын гишүүдээс гадна залуу сэтгүүлчид, судлаачид, хуульчдын төлөөлөл оролцож, холбооны цаашдын үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, сэтгүүлчдийн мэргэжлийн хөгжил, ёс зүйн асуудлаар санал бодлоо солилцлоо.
Ийнхүү хурлаар дүрмийн шинэчлэл, гишүүдийн татварын өөрчлөлт, холбооны өмч хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргаж, ээлжит II Бага хурал амжилттай өндөрлөв.
Ц.Мөнх
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!