“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт (2026.10.12) Төрийн ордонд үргэлжилж байна.
Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг 20 гаруй орны төлөөлөл хамтдаа хэлэлцэх чуулга уулзалтын бүгд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга А.Ундраа нар чиглүүлсэн юм.
Бүгд хуралдааныг нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэллээ. Тэрбээр чуулга уулзалтад оролцож буй нийт төлөөлөгчдөд парламентынхаа дуу хоолой төдийгүй төлөөлж буй ард иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, итгэл найдвар, туршлагыг хуваалцахаар зорьж ирсэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд энх тайвны төлөөх үйл хэрэгт тэргүүн эгнээнд зүтгэж буй эмэгтэй энхийг сахиулагчид, олон улсын хэлэлцэх асуудлыг тодорхойлох хувь нэмрээ оруулдаг эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлдэг эмэгтэй удирдагчид, эдийн засгийн өсөлтийг бүтээлч сэтгэлгээгээрээ тэтгэдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг хүлээн авч, хамтран ажиллах хүндтэй завшаан Монгол Улсад тохиосон гэдгийг тодотголоо. Эдгээр уулзалт бүр нь нийгмийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны талаарх дэлхий нийтийн өрнүүлж буй яриа хэлэлцүүлэгт шинэ өнгө, агуулга нэмсэн хэмээсэн. Энэхүү агуулга нь парламентын хүрээнд өрнөх нь зүй ёсны хэрэг хэмээн бүгд хуралдааны эхэнд Б.Батцэцэг сайд тэмдэглээд “Учир нь парламент бол хүсэл эрмэлзэл хууль тогтоомж болон хэрэгжиж, амлалт, үүрэг хариуцлага, төрийн бодлого болж, хамтын шийдвэр гаргалтад ирээдүйг тодорхойлдог газар. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах үйл явцад бүрэн тэгш оролцуулах үүрэг амлалтыг улс орнууд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас авснаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Түүнээс хойш парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр биднийг бахархаж буй олон амжилтын ард өөрсдөд нь тулгарсан хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан эмэгтэйчүүдийн хүчин чармайлт бий.

Гэвч эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь эцсийн зорилго биш, зөвхөн эхний алхам. Ахиц дэвшлийг бодитоор хэмжих шалгуур нь эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгмийг тодорхойлох шийдвэрт хүрч, сонсогдож, хүндлэгдэж, тусгалаа олж байгаа эсэхээр тодорхойлогдоно. Энэхүү итгэл үнэмшил нь чуулга уулзалтын “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн гол утга учир юм” хэмээв.
Тэрбээр ноосыг ус шүршин нягтруулж, олон хүний гараар элдэн тал нутгийн хатуу ширүүн өвлийг тэсвэрлэхүйц бат бөх эсгий болгодог шиг нийгэмд бодит нөлөө үзүүлэх хүчийг мөн адил бүрддэг хэмээн зүйрлэсэн. Чадварлаг, шийдэмгий ганц парламентч хууль тогтоомжийг өөрчлөх, төсвийн бодлогыг шинэчлэх, тогтолцоог дангаараа өөрчлөх нь ховор. Харин бодит нөлөө эв нэгдэл, түншлэл, итгэлцлэлээр бий болдог хэмээн бүгд хуралдааны индрээс Г.Батцэцэг сайд хэллээ.

Эмэгтэй парламентчид бие биеэ дэмжиж, улс төрийн үзэл баримтлалын ялгааг даван гүүр болж, эрэгтэйчүүд жендэрийн эрх тэгш байдлын төлөөх үйл хэрэгт хамтрагч болж, өөр өөр улс орны парламентчид нийтлэг зорилгын төлөө нэгдэх үед энэхүү нөлөө улам бэхэжнэ хэмээгээд “Өнөөдрийн чуулга уулзалтад хуран цугларсан бид хамтын хүчээр бүтээх бат бөх холбоондоо тус тусын хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс энэ замд өөрийн гэсэн алхмуудыг хийж эхэлсэн. Монгол Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр эмэгтэй парламентчид нийт суудлын ердөө 17 хувийг эзэлж байв. 2023 онд Үндсэн хууль тэргүүтэй хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсны дүнд 2024 онд парламентын нийт гишүүдийн ¼ буюу 32 эмэгтэй парламентч сонгогдсон нь манай түүхэн өндөр үзүүлэлт болсон. Би тэднийг нэг болж ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үздэг” хэмээсэн.
Монгол Улс энэ ахиц дэвшлээрээ бахархаж байгаа ч суралцах зүйл олон байгааг ухамсарлаж байгаа гэдгийг тэрбээр дурдаад улс орнуудын туршлага бидний хувьд онцгой үнэ цэнтэй гэлээ. “Парламент бүр түүх, уламжлал, үйл ажиллагааны онцлогтой. Та бүхэн ч олон нийтийн амьдралд оролцох өөр өөрийнх нь замыг туулсан. Энэхүү олон талт байдал нь чуулга уулзалтын гол давуу тал юм. Та бүгд улс орны парламентаа төлөөлөн үг хэлэхдээ Та бүхэн улс оронд тань ямар арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн, ямар саад бэрхшээл хэвээр байгаа, бусад улс оронд хэрэгжүүлж болох ямар санаа, туршлага байгааг нээлттэй хуваалцахыг хүсье” гээд нээлттэй сэтгэлээр нэгнээ сонсож, эх орондоо шинэ мэдлэг, шинэ нөхөрлөл, цаашдын хамтын ажиллагааны шинэ түншүүдтэй буцах боломжийг бүрдүүлцгээхийг уриаллаа.
Хамтын ажиллагаагаа эхлүүлж буй энэ мөчид сайжруулсан хууль бүр, бэхжүүлсэн байгууллага бүр, арилгасан саад бэрхшээл бүр зөвхөн эмэгтэйчүүдэд төдийгүй нийгэмд цэцэглэн хөгжих боломжийг бий болгодгийг санахыг Б.Батцэцэг сайд уриалаад “Энэхүү чуулга уулзалт бидний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, Улаанбаатараас буцсны дараа ч олон жилийн турш үргэлжлэх шинэ түншлэлийг бий болгоно гэдэгт итгэж, найдаж байна. Монгол Улсын нээлттэй, энхийг эрхэмлэсэн, дэлхий нийтэд чиглэсэн гадаад бодлогын үзэл санааны хүрээнд энд тогтоосон нөхөрлөл, харилцаагаар улам өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд үр бүтээлтэй хэлэлцүүлэг, утга учиртай санал солилцоо өрнүүлж, Монгол Улсад дурсамж дүүрэн сайхан байхыг хүсэн ерөөе. Мөнх тэнгэр бидний үйл хэргийг ивээж, хүн бүрд тэгш боломж олгосон хүртээмжтэй ирээдүйд хүрэх замыг гэрэлтүүлэх болтугай” гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүгд хуралдааныг нээсний дараа чуулга уулзалтад оролцогчдын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлж, “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн хүрээнд тус тусын туршлагаа хуваалцсан юм.
Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламентын гишүүн Парвана Валиева тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Милли Межлисийн анхны эмэгтэй дарга, хатагтай Сахиба Гафаровагийн мэндчилгээг уламжиллаа. Азербайжан Улс нь эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал дахь оролцоог үргэлж дэмжиж ирсэн түүхийг тэрбээр тодотгоод “Исламын шашинт улс орнуудаас хамгийн анх буюу 1918 онд Азербайжаны эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болсон. Мөн 100 гаруй жилийн өмнө Баку хотод исламын ертөнцийн охидод зориулсан анхны иргэний боловсролын сургууль байгуулагдсан. Энгийн гэмээр эдгээр амжилт нь хүчирхэг зарчмын илэрхийлэл болдог. Эмэгтэйчүүд боловсролтой, мэдлэгтэй, бие даасан байх хэрээр нийгэм илүү хүчирхэг болдог. Өнөөдөр азербайжан эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд улам бүр идэвхтэй оролцож байна. Манай улсын хувьд жендэрийн тэгш байдал нь зөвхөн бодлогын тэргүүлэх чиглэл төдийгүй Үндсэн хуулиар баталгаажсан зарчим. Энэхүү зарчим хууль тогтоомж, институцийн тогтолцоо бодитой хэмжиж болохуйц оролцоогоор дамжин хэрэгжиж байна” хэмээн хуваалцсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад зөвхөн төлөөллийг нэмэгдүүлэх бус, эмэгтэйчүүдийг хамгаалсан эрх зүйн орчин, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн бодлого, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтын эсрэг үр нөлөөтэй арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр дурдаад, Азербайжан Улс энэ чиглэлээр хууль эрх зүй, нийгмийн хамгааллын бодлогоо бэхжүүлж, эмэгтэйчүүдийн эрх, оролцоог дэмждэг болохыг олон улсын эмэгтэй парламентчдад хуваалцлаа. Эл туршлагаар эмэгтэйчүүдийг хөгжил, аюулгүй байдал болон шийдвэр гаргах үйл явцад бодитой оролцуулах нь илүү хүртээмжтэй, тэсвэртэй нийгмийг бүтээх үндэс хэмээн үзэж буйгаа онцоллоо.

Дараа нь Беларусь Улсын Үндэсний Ассамблейн Бүгд Найрамдах Улсын зөвлөлийн Байнгын комиссын дарга Наталья Павлюченко индрээс мэндчилсэн. Тэрбээр өөрийн улсын парламентын буюу Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Улсын Зөвлөлийн дарга Наталья Ивановна Кочановагийн энх тайван, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн мэндчилгээг уламжилсан. Тэрбээр Монгол Улс уламжлалт нийгмийн тогтолцоог орчин үеийн, хүн бүрийг тэгш хамруулсан тогтолцоонд шилжүүлэх замаар бодит ахиц дэвшил гаргаж байгааг сайшаагаад, Беларусь Улс эмэгтэйчүүдийн эрх, оролцоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж, улс төр, төрийн алба, шүүх засаглал, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн төлөөллийг тогтвортой нэмэгдүүлэн бодит үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцсан юм. Мөн эмэгтэйчүүдийг зөвхөн тоон төлөөллөөр бус, улс орны хөгжил, стратегийн шийдвэр гаргалт болон дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл явцад эрэгтэйчүүдтэй эн тэнцүү оролцуулах нь тогтвортой, аюулгүй ирээдүйн үндэс болохыг тэмдэглэсэн. Беларусь Улс үүнийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж байгааг онцлоод, парламентыхаа жендэрийн талаарх тоо баримтуудыг хуваалцлаа. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн тоогоороо Беларусь Улс бүс нутагтаа тэргүүлдэг аж. Тус улсын парламентын анхдугаар бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүний 14 хувийг л эмэгтэй гишүүд эзэлж байсан бол өнөөдөр 33 хувьд хүрсэн гэв. Беларусь Улсын эмэгтэйн парламентчид Байнгын хороодыг даргалж, хууль тогтоох чухал санаачилгуудыг удирдан хэрэгжүүлж, улсын төсөв болон нийгмийн бодлогыг боловсруулахад идэвхтэй оролцон, улс орныхоо ирээдүйг тодорхойлох, стратегийн шийдвэрүүдийг гаргахад хувь нэмрээ оруулдаг гэдгийг Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын индрээс танилцууллаа. Төрийн албан хаагчдын дээд шатны удирдах албан тушаалтнуудын 57 хувь, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийн 48 хувь, шүүгчдийн 67 хувийг эмэгтэйчүүд байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх хувь 42 хувьд хүрсэн амжилтаа мөн танилцуулж байлаа. Өнөөдрийн байдлаар тус улсын удирдах албан тушаалтай 2 хүн тутмын 1 нь эмэгтэй хүн байдаг аж. Энэ нь Беларусь Улсын удирдлагын алсын хараа, ухаалаг тууштай бодлогын үр дүн хэмээн хэлэв. Түүнчлэн дэлхий дахинаа тулгамдаад буй сорилтуудыг даван туулахад эмэгтэй парламентчдын хамтын ажиллагаа, парламентын дипломат харилцаа, олон улсын эв нэгдлийг бэхжүүлэх шаардлагатайг онцолж байсан.

Бурунди Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Буссессия Нкезимана, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүй, институцийн бодит арга хэмжээг хэрэгжүүлж, парламент дахь төлөөллийг тогтвортой өсгөсөн туршлагаасаа хуваалцсан. Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоо нь зөвхөн жендэрийн эрх тэгш байдлыг хангахаас гадна ардчилал, сайн засаглал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болохыг онцлов. Иймд эмэгтэйчүүдийн оролцоонд саад болж буй уламжлалт хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхлыг арилгаж, тэдний манлайллыг дэмжих хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих нь үр дүнтэй хэмээн үзэж буйгаа танилцуулсан.

БНХАУ жендэрийн эрх тэгш байдлыг төрийн бодлогын түвшинд тууштай хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин болон улс төрийн оролцооны механизмыг тасралтгүй бэхжүүлж байгааг БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Үндсэн хууль, хууль зүйн хорооны гишүүн Ли Юйпин чуулга уулзалтын индрээс танилцуулав. Эмэгтэйчүүдийн боловсрол, манлайлал, бодлого боловсруулах чадавхыг хөгжүүлэх замаар шийдвэр гаргах түвшний бодит оролцоог нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал нөхцөл болох туршлагаасаа хуваалцсан. Цаашид бүх улс оронтой хамтран эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, бүх талын хөгжлийг ахиулж, илүү хүртээмжтэй, үр нөлөөтэй дэлхийн засаглалыг бий болгоход БНХАУ зохих хувь нэмэр оруулахад бэлэн байгааг илэрхийлж байв.

Хорват Улсын Парламентын дэд дарга Сабина Гласовак, тус улс эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргасан хэдий ч зөвхөн тоон үзүүлэлт бус, шийдвэр гаргах үйл явцад бодит нөлөө үзүүлэх оролцоог хангах нь хамгийн чухал зорилт хэвээр байгааг онцоллоо. Үүний тулд хууль эрх зүйн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ жендэрийн хэвшмэл ойлголт, нөөц боломжийн тэгш бус байдал, асаргаа халамжийн ачаалал зэрэг эмэгтэйчүүдийн манлайлалд саад болж буй бэрхшээлүүдийг арилгах шаардлагатайг тэмдэглэв. Мөн жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэй парламентчдын бус, улс төрийн намууд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын үүрэг хариуцлага бөгөөд олон улсын туршлага, хамтын ажиллагаа нь бодит ахиц дэвшлийн чухал хөшүүрэг болохыг онцлон тэмдэглэлээ.

БНЭУлс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог ардчилал, хүртээмжтэй хөгжлийн чухал нөхцөл гэж үзэж, парламент болон орон нутгийн засаг захиргааны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг Лок Сабха танхимын гишүүн Кумари Сельжа хуваалцав. Аливаа шийдвэр гаргалтыг оролцоонд суурилсан, иргэдийн хэрэгцээнд нийцсэн болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхыг бэхжүүлэх сургалт, дэмжлэгийн бодлогоор дэмжиж байгаа аж. Эмэгтэйчүүдийн төлөөлөл, нөлөөллийг бүх түвшинд нэмэгдүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн хөгжил, тэгш байдлыг хангах чухал хүчин зүйл болохыг дурдсан.

Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Аннарита Патриарка, тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий сайд ажиллаж байгааг хуваалцаад, энэ нь жендэрийн тэгш байдлын хувьд чухал ахиц хэдий ч асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш гэдгийг онцолсон. Олон төлөөлөгчийн дурдаж байсанчлан эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхийн сацуу гэр бүлийн асаргаа, халамжийн үүргийг гүйцэтгэж, бие махбодын болон эдийн засгийн, цахим хүчирхийллийн эрсдэлтэй тулгарсаар байгааг дурдсан. Гэсэн ч эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд тэгш эрхтэйгээр оролцох, удирдах албан тушаалууд олноороо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг хэлээд үүний тулд улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй хэмээсэн.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такако Сүзүки мэндчилгээ дэвшүүлж, улс орныхоо туршлагаас хуваалцсан. Тэрбээр дэлхийн хүн болох мөрөөдөлтэй 10 настай охин анх Монгол Улсад хөл тавьж байсан бол өнөөдөр парламентчийн хувиар улс орноо төлөөлөн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буйгаа танилцуулсан. Тэрбээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцооны төлөөллийг бодит нөлөө үзүүлэх чадвартай болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашиг шийдвэр гаргах үйл явцын төвд байх ёстойг тэмдэглэлээ. Мөн жендэрийн тэгш байдал нь эмэгтэйчүүдэд зориулагдсан асуудал бус, хойч үедээ тэгш, хүртээмжтэй нийгмийг өвлүүлэхийн төлөөх хамтын зорилт гээд, улс орнууд харилцан суралцаж, хамтран ажиллахыг уриалсан.

Чуулга уулзалтын индрээс Кени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Кенийн эмэгтэй парламентчдын холбооны дарга Леа Санкайре нийт төлөөлөгчидтэй мэндчилж, Үндэсний Ассамблейн даргынхаа мэндчилгээг мөн уламжилсан. Кени улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хууль, хууль тогтоомжийн шинэчлэл хийж, парламент, сенат болон орон нутгийн засаг захиргаанд жендерийн тэнцвэртэй төлөөллийг хангах бодлого хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Мөн эмэгтэйчүүдийн өмчийн эрх, эдийн засгийн боломж, бизнес эрхлэлтийг дэмжих, жендерт мэдрэмжтэй төсөвлөлт нэвтрүүлэх замаар төлөөллийг бодит нөлөө болгон хувиргахыг зорьж байгааг онцлов. Цаашид эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн чадавхыг улам бэхжүүлж, шийдвэр гаргах үйл явцад хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмаар хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.


Киргиз Улсын парламентын Олон улсын хэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний хорооны дэд дарга Жулдуз Садырбаева өөрийн орны нөхцөл байдал, сургамж, туршлагаа хуваалцсаны дараа Лаос Улсын Үндэсний Ассамблейн Хууль, шударга ёсны хорооны дарга Тоуммали Вонгпачан, тус улс нь жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг үндэсний хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн зорилтууд болон парламентын үйл ажиллагаатай нягт уялдуулан хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Үр дүнд парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь мэдэгдэхүйц өсөж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшний нөлөө нэмэгдсэн аж. Лаос Улс цаашид эмэгтэйчүүдийн манлайлал, төлөөллийг улам бэхжүүлж, улс орны хөгжил, төрийн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явцад бодитой оролцоог нь нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгийг дурдсан.

Литва улс эмэгтэйчүүдийн улс төр, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргасан ч жендерийн хэвшмэл ойлголт, үл үзэгдэх саад бэрхшээлүүдийг даван туулах шаардлага хэвээр байгааг Литва Улсын Сеймасын гишүүн Модеста Петраускайте онцоллоо. Төлөөллийн тоон үзүүлэлтээс гадна охид, эмэгтэйчүүд өөрсдийгөө манлайлагч, шинийг санаачлагч, шийдвэр гаргагч гэж төсөөлөх боломжтой нийгмийн орчныг бүрдүүлэх нь жинхэнэ тэгш байдлын үндэс болохыг тэмдэглэв. Эрх тэгш байдлыг бодит боломж, бодит үр дүнгээр хэмжих ёстой гэдгийг Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын индрээс илэрхийллээ.


Мексик Улсын Сенатын гишүүн Виргиния Мари Магания Фонсека өөрийн орны нөхцөл байдал, сургамж, туршлагаа хуваалцсаны дараа Пакистан Улс эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр квот болон хууль эрх зүйн шинэчлэл хэрэгжүүлсэн гэдгийг Пакистан Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Асма Аламгир дурдаад, гэсэн ч төлөөлөл нь бодит нөлөө болон хувирах шаардлага бий гэдгийг хуваалцав. Үүний тулд эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог дэмжихийн зэрэгцээ жендэрийн хэвшмэл ойлголт, хүчирхийлэл, дарамт шахалт зэрэг саад бэрхшээлийг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн эмэгтэйчүүд шийдвэр гаргах ширээний ард зөвхөн суух бус, бодлого тодорхойлох түвшинд тэгш нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг уриалж байсан.

Польш Улс нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх оролцооны талаар түүхэн уламжлалтай хэдий ч парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл одоог хүртэл хангалттай түвшинд хүрээгүй байгааг Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Парламентын Эмэгтэйчүүдийн эрхийн бүлгийн дарга, Үндэсний болон угсаатны цөөнхийн хорооны дарга Ванда Новицка тэмдэглэж байсан. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрх болон ажил, гэр бүлийн үүргийн тэнцвэр зэрэг асуудал бодит сорилт хэвээр байгааг тэрбээр онцлоод, эрэгтэйчүүдийн хүүхэд асрах үүргийг нэмэгдүүлж, гэр бүлийн хариуцлагыг тэнцвэртэй хуваарилах бодлого нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд чухал нөлөө үзүүлж байгааг тэмдэглэж байсан.

Жендэрийн тэгш байдлыг тогтвортой хөгжил, энх тайвны чухал нөхцөл гэж Тажикистан Улс үзэж, эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа талаар Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хорооны дарга Б.Сайдвализода чуулга уулзалтад танилцуулсан юм. Энх тайван, аюулгүй байдал, парламентын дипломат ажиллагаанд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр онцолж, эмэгтэйчүүд энх тайвны үйл явцын оролцогч төдийгүй түүнийг бүтээгч, манлайлагч байх ёстой гэдэг уриалгыг хэлсэн.

Турк Улс сүүлийн жилүүдэд парламент, шүүх, төрийн байгууллага болон боловсролын салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдүүлсэн болохыг Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Эмэгтэй парламентчдын товчооны Хоёрдугаар дэд ерөнхийлөгч Фатма Өнжү танилцуулсан. Гэсэн ч шийдвэр гаргах түвшний оролцоог цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хэмээн үзэж байгаа аж. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж буй хөрөнгө оруулалт нь ирээдүйн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг тэрбээр тодотгож байсан.

Уганда Улсын парламентын дэд дарга Томас Таебва энэхүү чуулга уулзалтад оролцож, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой амжилт гаргасан боловч төлөөлөл өөрөө эцсийн зорилго биш хэмээн үзэж буйгаа бүгд хуралдааны үеэр хуваалцлаа. Эмэгтэйчүүд бодлого боловсруулах, төсөв хуваарилах, төрийн байгууллагыг удирдах түвшинд бодитой нөлөө үзүүлэх боломжтой байх ёстой гээд, улс төр дэх хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, цахим дарамтыг таслан зогсоохыг уриалав.

Узбекистан Улс эмэгтэйчүүдийн эрх, оролцоог дэмжих чиглэлээр өргөн хүрээний хууль эрх зүйн шинэчлэл хийж, төрийн болон парламентын байгууллагууд дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж байгаа аж. Энэ талаар Узбекистан Улсын парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын хорооны дарга Орзигуль Козихонова танилцуулсан. Энэ хүрээнд боловсрол, бизнес эрхлэлт, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, дижитал ур чадварыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа аж. Эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөө болгон хувиргахын тулд олон улсын хамтын ажиллагаа, санхүүгийн болон институцийн дэмжлэг чухал гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн.

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад харилцааны хорооны гишүүн Тай Куинь Май Зунг, эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ардчиллын зорилго бус, харин бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд бодит нөлөө үзүүлэх хэрэгсэл болох ёстойг онцолж байсан. Үүний тулд жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэй хууль тогтоогчдын манлайллыг дэмжих орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хуваалцсан. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх, улс төр дэх идэвхтэй оролцоо нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр өгөөж авчирч байгааг тэрбээр тэмдэглэж байсан.

Ийнхүү 23 орны 88 төлөөлөгч оролцож буй “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт чуулга уулзалтад оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүнүүд индрээс мэндчилгээ дэвшүүлж, өөрийн орны туршлага, сургамжаа хуваалцсанаар бүгд хуралдаан өндөрлөв. Үргэлжлүүлэн “Жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин, өөрчлөлт, шинэчлэл”, “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн төлөөллийн нөлөөллийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа”, “Эмэгтэй улс төрч, парламентын гишүүдийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, үүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаанууд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалт нь хоёр өдөр үргэлжлэх юм.






Маргааш (2026.10.13) “Эмэгтэйчүүдийн нөлөөллийг бүхий л салбарт нэмэгдүүлэхэд иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт IV салбар хуралдаан, “Олон улсын түвшинд манлайлал, сүлжээ (network), менторшип зэрэг дэмжлэгийн тогтолцоог бий болгох нь, үүний ач холбогдол” сэдэвт V салбар хуралдаан Төрийн ордонд болсны дараа хаалтын бүгд хуралдаан 12.00 цагт болсноор Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!