Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёстой сэдвээр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх өнөөдөр мэдээлэл хийв. Тэдний зүгээс нийслэлд чухам ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар иргэдийн саналыг авч байгаа аж. Тодруулбал, цахим болон цаасан хэлбэрээр иргэдээс санал авч, дүнгээ нэгтгэн энэ долоо хоногийн Баасан гарагт хотын удирдлагуудад хүргүүлнэ хэмээн хэлсэн юм.
"Нийслэлийн удирдлагууд аливаа ажлыг хийхдээ иргэдээ сонсохгүй, дур мэдэн өөрсдөө шийдвэр гаргадаг"
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байгаа нь хамгийн том алдаа. Аливаа ажлыг хийхдээ иргэдээ сонсохгүй, улмаар дур мэдэн өөрсдөө шийдвэр гаргадаг. Тухайлбал, ноднин гурван тэрбум төгрөг зарцуулж талбайн урд усан оргилуур барьсан. Гэтэл энэ жил 3.7 тэрбум төгрөгөөр усан оргилуурынхаа тохижилтыг хийнэ гэж байгаа.
Хотын захын гэр хороолол руу явахад гэрэл цахилгаагүй, лаа бариад хонож байгаа айл өрхүүд байна. Өөрөөр хэлбэл, бидэнд үнэхээр усан оргилуурын тохижилт хэрэгтэй юу, тог цахилгаан шаардлагатай юу. Түүнчлэн Багануур, Налайх, Багахангай дүүрэгт 35 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина хэмээн нийслэлээс төсөвт суулгажээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг хэрэгтэй юу, Соёлын төв хэрэгтэй юу гэж асууя" хэмээн ярилаа.
"Захын дүүргүүдэд огт ажиллахгүй. Зөвхөн төвдөө чиглэсэн ажлууд л яриад байна"
Мөн тэрбээр "Хамгийн гол нь нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ үгийг сонсоод, иргэдийн татварын мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулах тал дээр төсөв суулгамаар байна. Эдийн засаг уналттай хэцүү үед усан оргилуур, Соёлын төв барих нь нэн шаардлагатай ажил биш. Цаг хугацааны хувьд шүү дээ. Нийслэлийн удирдлагууд захын дүүргүүдэд огт ажиллахгүй байна. Энүүхэн хавьд төвдөө чиглэсэн ажлууд л яригдаад байна. Ийм вакум орчинд орчихсон" гэв.