Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.
Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн гэж үзжээ.
Иймээс "Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” НИТХ-ын тогтоолын төсөлд авто зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулахад эхний 15 минут үнэгүй, нэг цаг хүртэл 1000 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байхаар тусгажээ.
Энэ тогтоолын төсөлд олон нийтээс цахимаар санал авах юм байна. Төлбөрийг ингэж тогтоох нь олон цагаар тээврийн хэрэгслийг авто зогсоолд байршуулахгүй байх, авто замын түгжрэлийг бууруулах нэг алхам болно гэж үзсэн байна.